
А.Баяр: Аав ээж, багшдаа хайртай байж, өөрийн үзэл санаандаа үнэн хандаарай
Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд "Because I am a boy" хөвгүүдийн оролцооны чуулган амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 орчим хөвгүүд оролцож жендэрийн эрх тэгш байдал, хүйсээс хамаарч нөлөөлдөг нийгмийн болон сэтгэл зүйн олон талт асуудал, сурч боловсрох, хөгжих, амьдрах орчинд үүсдэг бэрхшээлүүдийнхээ талаар хэлэлцэж, салбар салбарын мэргэжилтний илтгэлийг сонслоо.
Хөвгүүдийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж буй энэхүү чуулганд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр оролцож, итгэл найдвар, манлайлал, эх оронч үзэл санаа, бие биендээ хүндэтгэлтэй хандах боломж, өөрөө өөртөө, цаашлаад гэр бүлдээ эзэн байхын үнэ цэнийн талаар халуун яриа өрнүүллээ.
Тэрбээр “Аав ээж, багшдаа хайртай байгаарай. Өөрийн үзэл санаандаа үнэн хандаарай. Амьдрал, мөрөөдлийнхөө хөг аялгууг эгшиглүүлэх дурсамжаа бүтээсэн шиг бүтээгээрэй. Энэ нийгэм бол электроникийн болоод технологийн гайхалтай дэвшил, инженер сэтгэлгээнд тулгуурлаж хөгжих хөгжил дэвшлийн цаг үе. Тиймээс хөвгүүд минь аль ч насандаа битгий өөрийгөө гол. Итгэл найдвараа битгий гээ. Сур, хөгж, хамтар, эв нэгдэлтэй бай” гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn