
2025.03.18
Олон улсын харилцаа
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНГ ТАЙЛАГНАЛАА
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүрийн 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнг танилцууллаа.
- Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, хоёр улсын Төрийн тэргүүн нар Иж бүрэн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
- Иж бүрэн түншлэлийн Үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөөг баталлаа.
- Эрүүл мэнд, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, соёлын салбарын болон орон нутаг, их дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны нийт 13 баримт бичгийг байгууллаа.
- Хоёр улсад харилцан ашигтай, харилцааны бэлгэ тэмдэг болсон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг (“Хархорум” хот, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, Монгол Улсад хэрэгжүүлж буй 14 мега төсөл) хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
- Хоёр улсын хөгжлийн бодлого, зорилтуудыг уялдуулж, худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая ам.долларт хүргэхээр тохиролцлоо.
- Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, логистикийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахаар боллоо.
- Палеонтологи, археологи, түүх, угсаатны зүй, монгол судлал, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, монгол-польшийн эрдэмтэн судлаачдын хамтарсан экспедиц, судалгааны станцыг хамтран байгуулахаар боллоо
- Соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтарч, кино өдөрлөг, урлагийн хамтарсан тогтолт зохион байгуулах, соёл, урлагийн оюутан, судлаач, багшийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
- Иргэд хоорондын харилцааг тэлэх, нэн ялангуяа залуучууд хороондын солилцоог нэмэгдүүлэх, хоёр улсын тухай мэдээ, мэдээллийг үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол, польш хэлээр харилцан сурталчлан таниулах идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцлоо.
- “Илгээлт-2100” хөтөлбөрөөр Польш Улсад суралцаж буй 100 оюутны тоог нэмэгдүүлэх, мал эмнэлэг, ХАА-н мэргэжлтнүүдийг хамтран бэлтгэх боломж байгааг нотоллоо.
- Парламент хооронд тогтсон яриа хэлэлцээг эрчимжүүлж, харилцан айлчлал хэрэгжүүлэх, парламент дахь найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
- Монгол-Польшийн бизнес форум зохион байгуулж, хоёр улсаас нийт 200 гаруй аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөл, бизнес эрхлэгчид худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломжийн талаар уулзалтууд хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
- Түүх, соёл, өв уламжлалаа сурталчилж, “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” Морин хуур найрал хөгжмийн тоглолтыг Польшийн Үндэсний филармонийн танхимд толилууллаа.