"Ерөнхийлөгчийн Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудтай уулзлаа
2025.03.14

"Ерөнхийлөгчийн Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн айлчлалын үеэр ”Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй оюутан залуустай уулзлаа. 

Тэдний найм нь Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр, харин 21 нь Карлын их сургуулийн Подебрад хотын Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд суралцаж байна. Эдгээр оюутнууд ирэх намраас цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг мэргэжлээр Чехийн их, дээд сургуулиудад суралцаж эхлэх гэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Батцэцэг тус айлчлалын нэгэн сэтгэл хөдөлгөсөн мөч нь энэхүү уулзалт байсныг тодотгоод "Тэдний дотор манай Хангайн бүсийн Баянхонгор аймгаас Ганболдын Энхсувд, Ганхуягийн Элбэгсайхан, Бадраагийн Сувдмаа, Архангай аймгаас Лхагвасүрэнгийн Гантуяа, Отгонбатын Ариунаа, Өвөрхангай аймгаас Дэмбэрэлийн Бадрахсүрэн нарын оюутнууд суралцаж байгааг сонсоход сэтгэлд дотно сайхан санагдлаа. Залуусынхаа хүсэл тэмүүлэл дүүрэн яриа, дурсамжийг сонсож, амжилттай суралцаж байгаад нь баярлаж, бахархахын зэрэгцээ эрдэм номдоо улам шамдан, хичээл зүтгэлдээ тууштай байхыг уриалж, тэдний амжилт нь зөвхөн тэдний хувьд биш, эх орныхоо нэрийг өндөрт өргөх, Монгол Улсын ирээдүйг тодорхойлох үнэт зүйл болох учиртайг захив.
Өнөөдөр тэд суралцаж, өсөж хөгжиж байна харин ирээдүйд улсынхаа хөгжил цэцэглэлтийг шинэ түвшинд хүргэх эрхэм үүрэгтэй шилдэг мэргэжилтнүүд, манлайлагчид болно гэдэгт итгэл дүүрэн байна" гэжээ