!["ГОВИЙН ИРЭЭДҮЙ" "ХҮМҮҮНЛЭГ" СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО](http://uchral.mn/media/news/original/2025/02/11/b3d295b83ed14d46b1d2ee0b880c6865.jpg)
2025.02.11
"ГОВИЙН ИРЭЭДҮЙ" "ХҮМҮҮНЛЭГ" СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО
Дундговь аймаг 2022-2024 оныг “Боловсролын чанар, хүртээмж, Хүний хөгжлийг дэмжих” жилүүд болгон зарласнаар сургууль, цэцэрлэгийн ашиглалтын хугацаа, хэтэрсэн, насжилт “Өвгөрсөн” барилгуудыг нурааж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар стандартын орчин үеийн шаардлага хангасан барилга бариулах бодлого хэрэгжүүлсэн юм. Тэгвэл энэ өдрүүдэд Мандалговьд “Говийн ирээдүй” сургуулийн 960 хүүхдийн , “Хүмүүнлэг” сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрын иж бүрэн барилгын нээлт нэгэн зэрэг боллоо. Нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтын 26 шахам тэрбум төгрөгөөр баригдсан хоёр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат хүрэлцэн ирж оролцлоо.
Тус ёслолууд дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат баяр хүргэж хэлсэн үгэндээ: “- Хоёр сургуулийн хичээлийн байрны шинэ барилга ийнхүү үүд хаалгаа нээж байгаа нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч, хүмүүжих орчин нөхцлийг сайжруулах талаар төр засгаас асар их анхаарал тавьж байгаагийн илрэл, нөгөө талаар өнгөрсөн дөрвөн жилд тус аймгаас сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, Гомпилдоогийн Мөнхцэцэг нарын хүчин чармайлт, УИХ-ын эдгээр гишүүд, орон нутгийн удирдлага нягт хамтран ажилласны бодит үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тус сургуулиас Монголын ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, алдартан гавьяатууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. ” гээд говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн өмнөөс гарын бэлгийг гардуулав.
Ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун нар оролцож, сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажилчид, нийт төгсөгч, суралцагсдад мэндчилгээ дэвшүүлж сургуулийн үдийн цайны тоног төхөөрөмж, зориулалтын ширээ сандал болон биеийн тамирын заалны сандал, тусгаарлалтын хөшгийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэн “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарыг түлхүү анхаарахаа илэрхийллээ.