Ж.Баясгалан: Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хүндээ ээлтэй үйлчилгээ үзүүлж байна
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг. Ес дэх удаагийн парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр төлөөлөл орж ирсний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баясгалан. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх "гүүр" болж ажиллахаа илэрхийлдэг. Тэрээр нэр бүхий гишүүдийн хамт намрын чуулганы завсарлагаагаар Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүд тус төвийг мэргэжлийн хүний нөөцийн хангалт сайн байгаад талархал илэрхийлэн, цаашид хүний нөөцийн нийгмийн баталгааг дэмжин ажиллахаа илэрхийлсэн билээ. Мөн хол газраас тус төвөөр үйлчлүүлэхээр ирж буй иргэдэд зориулсан түр байрлах дотуур байрны асуудлыг хөндсөн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин, хөдөөгийн сумдад ажиллаж, амьдарч буй иргэдэд үйлчилгээ үзүүлэх зориулалтын автомашин, эмчилгээ үйлчилгээнд зориулан 13 сая төгрөгийн усан эмчилгээний тоног төхөөрөмжийг 2025 оны орон нутгийн төсөвт суулгаснаа дурдав.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хүндээ ээлтэй сайн үйл ажиллагаагаа явуулж буйд талархал илэрхийллээ. Мөн боловсон хүчин болон ажилтнууд нь ажилдаа чин сэтгэлээсээ хандаж буйг онцолсон юм.
Энэ төв нь 2024 онд сэргээн засах нийгмийн дэмжлэгийн үйлчилгээг 999 иргэнд 3308 удаагийн давтамжтай үзүүлжээ. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг хөгжлийн дэмжлэг, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэдний гэр бүл, асран хамгаалагч, олон нийтэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, протез ортопед, туслах хэрэгслийг тохируулах, ашиглах зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn