http 128
УИХ-ын гишүүн  Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Адилбаев Жалгас Жумаевичийг хүлээн авч уулзлаа
2021.08.31
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Адилбаев Жалгас Жумаевичийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн  Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар өнөөдөр /2021.08.31/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  элчин сайд Адилбаев Жалгас Жумаевичийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг урилгыг хүлээн авч ирсэнд талархаад уулзахаар урисан гол шалтгаан нь  Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн дунд орших 3 километр үргэлжлэх  Дунд голын гудамжийг Казахстаны нэрэмжит гудамж болгох тухай төслийн талаар болохыг онцлоод  уг ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  элчин сайд Адилбаев Жалгас уг төсөл санаачилгыг дэмжиж ажиллаж байгаа бөгөөд ковидын улмаас Казакстаны инженерүүд хүрэлцэн ирж чадахгүй хойшилсоор байна гэв. Ойрын хугацаанд талууд Казахстаны ажилтнуудыг ирүүлэхэд анхаарч, уг ажлыг эрчимжүүлэх тухайд санал солилцов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар үйлийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ… Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг ажлын хэсэг боловсруулж буй.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Казахстан улс баялгийн сангаа  байгуулж амжилттай яваа улс орны нэг болохыг онцлоод энэ туршлагаас нь хуваалцах, судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Адилбаев Жалгас энэ хүсэлтийг дэмжиж, уулзалтуудыг зохион байгуулахад Элчин сайдын яамнаас анхаарч ажиллах болно гэв. Ирэх 10 сардаа багтаж харилцан уулзалт, айчлал зохион байгуулахаар талууд тогтов

ШИНЭ МЭДЭЭ