http 128
Хан-Уул дүүргийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн NextUp-Бизнес Хөтөлбөр хэрэгжүүлнэ
2021.04.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хан-Уул дүүргийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн NextUp-Бизнес Хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн санаачилгаар Хан-Уул дүүргийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон стартап бизнесүүд рүү чиглэсэн NextUp-Бизнес Хөтөлбөр-ийг хэрэгжүүлэхээр болжээ. 

КОВИД-19 цар тахал хүмүүсийн амьдралын хэв маягийг ихээхэн өөрчилж, шинэ сорилтуудтай нүүр туулж байгаа энэ цаг үед бизнес эрхлэгчдэд цаашид бизнесээ шинэ арга барилаар удирдах, дижитал маркетинг, цахим шилжилт зэргийг өөрийн бизнест нэвтрүүлэх гарцаагүй шаардлага бий болсон.

Тийм ч учраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин болон түүний багийнхан Монголын шилдэг бизнесийн ментор, зөвлөхүүдийг хөтөлбөртөө урин оролцуулж, цар тахлын үед бизнесээ цогцоор нь хэрхэн цэгцтэй зөв удирдах, дижитал маркетинг, санхүүжилтийн талаар мэдлэг чадвар олгох цуврал цахим сургалт, түншлэл бий болгох ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахад иргэн бүрийн оролцоо чухал. Бизнес эрхлэгч та бүхэн энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож, өөрийн бизнесийг өргөжүүлж, цаашид илүү олон ажлын байрыг бий болгох боломж гарцыг нээх мэдлэг мэдээлэлтэй болж, Монголынхоо эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоосой хэмээн санаачлагч, зохион байгуулагчид хүсэж байгаагаа илэрхийллээ. 

Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-ийн 88 мянга нь хувийн хэвшил бөгөөд эдгээрийн 76 мянга гаруй нь 50 хүртэлх ажилтантай бизнесүүд байна. Харин улсын нийт ажиллах хүчний 43 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамрагддаг гэсэн албаны судалгаа бий.

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин ажиллах нь ядуурал, ажилгүйдлийг бууруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасган, нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлж, хувийн секторын хөгжлийг хангахад онцгой хувь нэмэр үзүүлдэг болохыг олон улсын жишээнээс харж болно.

Тиймээс "NextUp-Бизнес хөтөлбөр” нь бизнесийн мэдлэг боловсрол олгож, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилготой байна.

ШИНЭ МЭДЭЭ