УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Солонго 1,2" хороололд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдүүллээ
2025.02.19

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Солонго 1,2" хороололд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй баригдаж байгаа “Солонго 1,2” хороололд сургууль барих газар болон цэцэрлэгийн асуудлыг шийдүүллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан УИХ-ын намрын чуулган завсарласан үеэр тойрогтоо эхлүүлсэн ажлынхаа үр дүн, явц хэрэгжилттэй танилцан, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм.

Тэрбээр ХУД-ийн 21-р хороонд баригдаж буй 5002 айлын “Солонго 1,2 хороолол” нь сургууль, цэцэрлэггүй баригдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад танилцуулж, тус хотхонд улсын сургууль барих газар болон хотхоны 1-р давхруудад цэцэрлэгийн байр, хотхон хорооллын орц гарцын асуудлыг тус тус шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Хот байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, 1000-аас дээш хүн амтай хотхон хорооллын дунд заавал сургууль цэцэрлэг байх хуулийг санаачилсан. Энэ хууль батлагдвал сургууль, цэцэрлэггүй олон давхар байшин хороолол нийслэлд баригдахгүй, хүүхдүүд гэрийнхээ ойр сургууль, цэцэрлэгтээ явах нөхцөл бүрдэх юм. Жишээ нь энэ Солонго 1,2 хороолол нь 5000 айлын 20 мянга орчим оршин суугчидтай тус хотхон ирэх жил ашиглалтад орно. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй. Энэ асуудлыг Барилгын сайдад УИХ-ын чуулганаар удаа дараа тавьж, өнөөдөр газар дээр хамт ирж ажиллаж, сургууль, цэцэрлэгтэй байх асуудлыг шийдүүллээ. УИХ-ын намрын чуулган завсарласан үеэр тойрогтоо эхлүүлсэн ажлынхаа үр дүн, явц хэрэгжилттэй танилцан, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллана” гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан