
Тосонцэнгэл суманд төрийн албан хаагчийн 15 айлын орон сууц барихаар энэ оны улсын төсөвт тусгажээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Тосонцэнгэл сумын иргэдтэй уулзлаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь 11000 гаруй хүн амтай, бүс нутгийн худалдаа, үйлдвэрлэл, тээврийн зангилаа болсон томоохон сумдын нэг.
Хүн амын төвлөрөл ихтэй тус сумын хувьд боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрлэлийн паркын цогцолборыг бүс нутагтаа байгуулж, ажиллах хүчний нөөцөө дотооддоо ашиглах санаачилгыг дэвшүүллээ.
Тус сум нь Завхан аймгийн бусад сумтай харьцуулахад хамгийн олон хоршоологчидтой, бизнес үйлчилгээг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг ч хэлж байв.
Сумын төвд байгуулагдсан 22 МВт хүчин чадал бүхийн дулааны цахилгаан станцад түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дараагийн ээлжийн шугам сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэж өгөхийг аймаг, орон нутгийн удирдлагуудтай зөвшилцлөө.
Хүүхэд, залуусын төлөвшил боловсрол, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг эрчимжүүлэн хойч үеийнхээ оюуны хөгжилд түлхүү анхаарахыг онцгойлон захилаа.
Тосонцэнгэл суманд Ерөнхий боловсролын 2, мэргэжлийн боловсролын 1 сургууль, 4 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын 1-р сургуулийн дулаан хангамж, 2-р сургуулийн материаллаг бааз болон анги танхимын багтаамжийн асуудлыг сурагчид дэвшүүллээ. Мөн 4-р цэцэрлэгийн стандартад нийцсэн барилгын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгахад анхаарч ажиллана.
Орон нутагт төрийн албан хаагчдыг үе шаттай орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Тосонцэнгэл суманд 15 айлын орон сууц барихаар энэ оны улсын төсөвт тусгасан. Сумын иргэдийн зүгээс Ахмад настны тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд асуулт асууж, саналаа хэлцгээлээ.