
Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэд тариалан эрхлэлтийг дэмжих хүсэлт гаргав
УИХ-ын дарга Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэдтэй уулзлаа.
Тэд сумандаа сайхан амьдрахын тулд инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, усалгааны системийг шинэчлэн, тариалан эрхлэлтийг дэмжихэд түлхүү анхаарч өгөхийг хүслээ.
Завхан аймгийн сумдын хэмжээнд гар утасны сүлжээ муу, дахин дамжуулах станц байгуулах шаардлага тулгарсныг уулзалт бүрийн үеэр хэлж байна.
Түүнчлэн Түдэвтэй сумынхан ирэх онд тохиох түүхт 100 жилийн ойгоо угтаж 100 хоршоо байгуулан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлэх санаачилгыг дэмжлээ. Ингэснээр өрхийн орлого бодитоор нэмэгдэхээс гадна ажлын байр олширч, хүн амын төвлөрөл бий болох зэрэг олон давуу талтай. Төрийн бодлого шийдвэр улсын эрх ашгийг чухалчлахаас гадна иргэндээ ээлтэй, монгол хүнээ бодсон байгаасай гэсэн захиасыг нутгийн иргэд уламжилж байна.
Уулзалтын үеэр Ахмад настны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн талаар иргэд асуулт асууж, санаал хэлцгээлээ. Аливаа хуулийн хэрэгжилтийг амьдралд нийцэхүйц бөгөөд оролцогч талуудын эрх ашгийг харилцан хангасан байхад нэн түрүүнд анхаарч ажиллана. Иймд банк санхүү, даатгалын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хүрээнд ажлын хэсгүүд байгуулагдан, олон талт уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.