Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хөрсөн дээр нь буулгаж ажиллах цаг нь болсон
2025.02.10

Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хөрсөн дээр нь буулгаж ажиллах цаг нь болсон

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой ярилцлаа.

Та Тогтвортой хөгжлийн дэд хорооны даргаар саяхан томилогдлоо. Тогтвортой хөгжил гэж юу яриад байдгийг магадгүй мэддэгүй хүмүүст, эсвэл төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй хүмүүст товчхон байдлаар тайлбарлаж өгөхгүй юу? Тэгээд үндсэн асуудал руугаа оръё гэж бодлоо.

Тогтвортой хөгжинө гэдэг нь энгийнээр хэлбэл ямар ч иргэн ядуурахгүй, өөрийн хүссэнээр сайхан амьдарна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл тогтвортой хөгжинө гэдэг бол таны амьдрал таны сэтгэлд нийцэж, хангалттай байж чадаж байна уу, та аз жаргалтай байж чадаж байна уу, таны хүүхэд тэгш боловсролд хамрагдаж чадаж байна уу, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадаж байна уу, хөдөлмөрлөх ажлын байр байна уу, цалин тань хүрэлцээтэй байна уу, монгол улсад ядуу хүмүүс хэд байна. Ядууралгүй болох юмсан гэдэг тэмүүллийг л хэлж байгаа юм.

Дэд хороог удирдах хугацаандаа та ямар зүйлүүд дээр илүү төвлөрч ажиллах вэ?

Олон улс даяар тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлж, улс гүрнүүдийн удирдагчид гарын үсгээ зурж, 2030 он гэхэд ядуурлыг эрс бууруулъя гэх мэт олон зорилгуудыг тавьчихсан байгаа. Энэ хүрээнд манай улс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо гэж байгуулсан. Энэ ажлыг хүлээж аваад миний хамгийн гол хийх зүйл бол одоо мөрдөгдөж байгаа хууль, эрхзүйн орчинд тогтвортой хөгжлийн зорилгууд хэр тусгагдсан байна. Хэр нийцэлтэй байна гэдгийг харж, үр дүнд хүргэхийн төлөө зорьж ажиллана. Одоогоор юу хийсэн бэ гэхээр олон улсын байгууллагууд, Элчин сайдуудтай уулзаж, төсөл хөтөлбөрүүд босгох, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Зөвхөн бодлогын нийцлийг хараад зогсохгүй үр дүн гаргахын тулд хөрөнгө мөнгө босгох тал дээр ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн зорилго хэмээн 17 асуудлыг НҮБ-ын гишүүн орнууд 2015 онд батласан. Өнөөдөр биелэлт ямар байдаг вэ? Дүн шинжилгээ хийсэн үү?

Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж байна. Эдгээр байгууллагууд ерөнхийдөө сайн дураараа Тогтвортой хөгжлийн зорилгыг тухайн улсууд хэрхэн биелүүлж байна гэдэг дээр мониторинг, дүн шинжилгээ хийдэг. Энэ дүн шинжилгээг удахгүй Бангкокт болох бүсийн чуулган дээр танилцуулах гэж байна. Энэ дүн шинжилгээн дээр тулгуурлаж бид цаашдаа ахиулахын тулд зөвхөн УИХ, ЗГ гэлгүй иргэний нийгмийн байгууллага, бизнесийн байгууллага, өөр бусад холбогдох байгууллагууд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцах гэж байна.

Нэгтгэгдсэн байдлаар судалгааны тайлан гараагүй байгаа ч тодорхой хэмжээний судалгаанууд байгаа байх гэж бодож байна. 2015 оноос хойш гэхээр хугацааны 3/2 нь өнгөрчихжээ. Энэ хугацаанд 17 зорилгоос аль нь илүү биелэлттэй, аль нь орхигдсон байгаа вэ?

Тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтийг ЭЗХЯ ерөнхийд нь базаад бусад холбогдох яам, агентлаг, газрууд хариуцах ёстойн. Гэтэл яг зангидсан гар шиг байгаад төдийгөөс өдий хүртэл яг нэг цэгт хариулахгүй байна. Тиймээс бид үүнийг үнэлэх аргачлал боловсруулах төслийг санал болгон талуудтай уулзаж ярилцаж байгаа. Дэмжлэг авах магадлалтай байна. Өмнө нь бас Нийгмийн бодлогын байнгын хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд энэ зорилгуудын бараг бүх асуудлууд орсон байсан. Уг судалгаанаас харахад тухайлбал манай улсад хоол хүнс, хүүхдийн сургуульд хамрагдалт, охидын ариун цэврийн асуудал, ариун цэврийн байгууламжийн асуудал, тамхины хэрэглээ гээд нэлээдгүй үзүүлэлт маш хойгуур байгаа. Тиймээс хэрэгжилт сул, хэрэгжихгүй байгуу асуудлууд дээр анхаарч ажиллахыг шаардсан дохиог олон улсын байгууллагууд ч өгч байна.

Жендерийн тэгш бус байдлын тайланг Дэлхийн эдийн засгийн форум гаргадаг. Энэ тайланд Монгол улс 146 улсаас 80-р байранд орж байсан бол сүүлийн судалгаанд нь 5 байраар ухарсан байна.

Нийгэм маань өөрөө Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт ямар байгааг шууд илэрхийлж байгаа болов уу...

Өөрийн чинь хэлж байгаагаар нийгэм үнэхээр стресс, бухимдал ихтэй байна. Яагаад гэхээр хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байна. Өөрөөс хамаарах ажил, орлогогүй хүмүүс халамж харах, архидалт зэрэг нийгэмдээ сөрөг асуудлуудыг дагуулдаг. Тэгэхээр энэ бүхнийг шийдэхэд эдийн засгийг өсгөх тодоохой арга шийдлүүд хэрэгтэй байна. Нөгөө талдаа төрийн үйлчилгээ, хүртээмж, чанарын асуудал маш чухал байна. Тухайлбал бидний маш олон жил ярьж байгаа түгжрэл, утаа гэх асуудлууд яригдсаар байгаа ч шийдэлд хүрч чадахгүй байна. Энэ улам уруудах байдал нь нийгмийн бухимдлыг өдөөсөөр байгаа нь эдийн засгийн сэдэлгүй мөртлөө иргэдийн амьжиргаанд нөлөөлж, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс эдийн засгийн асуудлуудад анхаарахаас гадна орчны асуудалд онцгой анхаарч, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хөрсөн дээр нь буулгаж ажиллах зайлшгүй хэрэгцээ байна. Цаг нь болсон.

Тэгвэл тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхдээ таны хэлсэнчлэн хөрсөн дээр буулгаад үр дүнд хүргэхэд улс төрийн түвшинд ямар саад, хүндрэл байдаг юм бэ?

Улс төрийн түвшинд бид маш олон зүйл ярилцлаа. Тэр нь юу вэ гэхээр сонсголууд явагдаж байна. Эдгээр сонсголууд дээр иргэд юу гэж бухимдаж байна вэ гэхээр маш олон жил ярьлаа. Хэт их улс төр орлоо. Улс төрчид шийдвэр гаргахдаа шийдлээ буруу гаргаж байна гэж ярьж байна. Жишээ дурьдвал сайжруулсан шахмал түлшний асуудлыг нэрлэж байна. Чанаргүй байсан тул агаарын бохирдол буурсан гэдэг ч юм уу... Ерөөсөө л шийдвэрт сэтгэл хангалуун бус байна.Шийдвэрийг гаргахдаа яг энэ нийгмийнхээ улс орны эрх ашгийн төлөө байж чадаж байна уу, эсвэл хувийн, фракцын, намын эрх ашиг яваад байна уу гэдэгт иргэд бухимдаад байна. Мөн судалгаа байна. Итгэлцлийн тухай. Үүнд иргэд гэр бүл, цөөн хэдэн найз нөхдөдөө л итгэдэг гэхээс Засгийн газарт, улс төрийн намуудад гэдэг ч юм уу, шүүх засаглалдаа ч гэдэг юм уу хангалттай итгэлцэлд хүрээгүй байгаа. Энэ нь УИХ, Засгийн газар, улс төрийн намууд ч маш нухацтай ажиллах шаардлагатай байгааг илэрхийлж байна. Тулгамдахаар барах уу л асуудал гэсэн үг.