УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
2025.01.31
“Ховдоос Харвард руу” ном брайль үсгээр хэвлэгдэн харааны бэрхшээлтэй иргэдэд хүрлээ
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал боловсрол бүх хүмүүст тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой. Боломжгүй зүйлийг боловсрол боломжтой болгодог гэж ярьдаг. Түүний хувьд тойргийн хороодын 35 ахлах сургуулийн 5000 сурагчдад “Ховдоос Харвард руу” лекц уншиж, боловсрол түүнд ямар БОЛОМЖ-ийг нээж өгсөн талаар хуваалцсан. Мөн Нийслэлийн 116-р сургуулийн 60 жилийн ойгоор тус сургуулийн сурагчдад амлаж байсны биелүүлж, “Ховдоос Харвард руу” номоо брайль бичгээр хэвлүүлэн хандивлаж байсан юм.
Харин энэ удаа Монголын хараагүй иргэдийн үндэсний төв, Хараагүй иргэдийн холбооны дэргэдэх мэргэжлийн боловсролын сургалтын төвүүд, Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хараагүй иргэдийн уншлагын танхим, Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо зэрэг байгууллагуудад "Ховдоос Харвард руу" номоо брайль үсгээр хэвлэн хүлээлгэж өглөө. Үүний гол зорилго нь ямар нэгэн бэрхшээлээс болж хэн нэгэн боломжоос хоцорч болохгүй. Номоор дамжуулан энэ хүмүүс эрдэм мэдлэгээ тэлж, эрч хүчээр цэнэглэгдэж, бэрхшээл бүрийн цаана боломж байдаг гэсэн урам, зоригийг аваасай гэж О.Батнайрамдал гишүүн онцолж байлаа. АНУ-д амьдардаг монгол залуучууд ивээн тэтгэж, брайль үсгээр энэ ном хэвлэгдэж, харааны бэрхшээлтэй иргэдэд хүрэх үүд хаалгыг нээж өгчээ.
Мөн гурван зуу гаруй хуудастай энэхүү номыг брайль үсгээр хэвлүүлэхэд 6 боть том ном болж хэвлэгддэг. Тусгай чанартай цаас шаардлагатай, мөн өртөг, зардал нь жирийн номоос 30 дахин их өртөгтэй хэвлэгддэг байна. Ийм учраас брайль үсгээр тийм олон ном хэвлэгдэж чаддаггүй ажээ. Ном гаргаж буй бусад зохиолч нар брайль үсгээр бүтээлээ хэвлүүлж, бүх хүмүүст хүртээмжтэй гаргаарай гэж О.Батнайрамдал гишүүн уриалж байлаа. Түүнчлэн “Ховдоос Харвард руу” ном аудио хэлбэрээр сонсдог ном болж бичигдсэн учраас бүх хүмүүс сонсох боломжтой ажээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn