Ц.Туваан: Монгол Улс ‘барьцгүй’ гэх имижээсээ салмаар байна
2025.01.20

Ц.Туваан: Монгол Улс ‘барьцгүй’ гэх имижээсээ салмаар байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.


-Монгол Улс, Франц улстай ураны салбарт хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Сүүлийн 30 орчим жил яригдсан энэ гэрээг байгуулснаар хоёр тал харилцан ашигтай хамтарч ажиллах боломж бүрдлээ гэж харж байна. Тус гэрээнээс Монгол Улс хүртэх үр өгөөж нь юу байх вэ?

-Монгол Улс, Франц улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ шууд болон дам өрнөх хэд хэдэн төрлийн үр өгөөжтэй. Монгол Улс Оюутолгойн хөрөнгө орудулалтын гэрээг байгуулнаас хойш гуравдагч хөрштэй хийж байгаа хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ. Нийтдээ 5.2 орчим тэрбум ам долларын хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг тодотгож хэлье. Уран бол эрчим хүчний эх үүсвэр. Тиймээс дэлхийн зах зээл дээр ураны үнэ өсөж байна. Цаашдаа ч үнэ нь өсөх, эрэлт хэрэгцээ өсч байгаа бүтээгдэхүүн.

Тийм учраас экспортын бүтээгдэхүүний төрөл хэмжээгээ нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөс гадна гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж гарсан Баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан, Ирээдүй өв сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрлийн сантай байхаар заасан. Тэр дундаа уул уурхайн баялгаас иргэн бүр Хуримтлалын сангаар дамжуулан хүртэх үр өгөөж нэмэгдэнэ. Уран бол геополитикийн ач холбогдолтой цацраг идэвхт ашигт малтмал юм. Хэрэв өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд ураны гэрээ байгуулах асуудлыг улстөржиж зогсоогоогүй бол Монгол Улс Казакстантай адилхан ураны экспортоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд оччихсон, атомын цахилгаан станцын асуудлаа шийдчихсэн байх байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дотор атомын цахилгаан станцын суурь судалгааг хийхээр оруулж ирсэн нь маш их цаг алдсан асуудал болж байна. Гэсэн хэдий ч уг асуудлыг оройтсон ч эхлүүлэх нь нэн чухал асуудал болсон. Өнөөдөр иргэдийг бухимдуулсан, нийгмийн тулгамдсан асуудлын нэг бол агаарын бохирдол. Уг асуудлыг шийдэхэд атомын цахилгаан станц, бага дунд цөмийн реакторуудыг ашиглаж болох энэ гарц гаргалгааны эхлэл тавигдаж байна.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ БОЛОМЖИТ НӨХЦӨЛ ХОМС БАЙНА

–Монгол Улс  ямар ч тохиолдолд 51 хувийн ашиг хүртэх зүйл заалт тусгаснаараа Оюутолгойн гэрээнээс илүү давуу гэрээ болж чадсан гэж зарим хүн дүгнэж байна. Олон зүйл дээр жишээ татдаг Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа, дутагдлаа давтахгүй байхын тулд яаж анхаарч ажиллав?

-Бид Норвегийн баялгийн санг олон зүйл дээр жишээ авч ярьдаг.  Яг Норвегийн баялгийн сан шиг эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн баялгийн орлогын дийлэнх олонх буюу 50 дээр нэмэх 1 хувь нь ард иргэд хүртдэг байхаар Үндсэн хуульдаа тусгасан. Энэ хуулийн дагуу хийгдэж байгаа анхны хөрөнгө оруулалтын гэрээ. Энд маш олон төрлийн татварын асуудлууд багтаж байгаа. Тухайлбал, АМНАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал, усны, газрын, компанийн, ашгийн татвар гэх мэт татварууд бүгд нийлээд Монгол Улсад орж ирэх үр өгөөж нь 50-аас дээш хувь гарах учраас дийлэнх олонх нь ард түмэн хүртэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт биелж байна гэж ойлгож болно.

Тухайлбал, АМНАТ дээр гэхэд суурь, тусгай, өсөн нэмэгдэх АМНАТ-аар өнөөгийн үнэ дээр гэхэд 14 хувийн татвар авч чадахаар байна.

Оюутолгойн гэрээнээс ялгагдах гол зүйл нь юу гэхээр Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг. Тиймээс 34 хувьтай тэнцэх хэмжээний санхүүгийн үүрэг хүлээдэг буюу 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгийг ямар нэгэн байдлаар буюу зээл аваад ч хамаагүй төлөх ёстой. Дээрээс нь үндсэн зээлийг төлөхөөс гадна зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Тиймээс Монгол Улсын хувьд Оюутолгойн гэрээнээс хүртэх ашиг,цаг хугацааг хойшлуулаад байгаа асуудал юм.

Тиймээс энэ алдаанаасаа сургамж аваад 34 хувь эзэмших биш 10 хувийн давуу эрхийн хувьцааг үлдээгээд зөрүүг нь  тусгай АМНАТ руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, борлуулалт эхлэнгүүт шууд ашигт малтмалын нөөц ашигласны татвараар орлогоо олоод явах боломж нээгдэж байгаа. Энд бас нэг зүйлийг тодотгож хэлэхэд татварын орчныг бүхэлд нь тогтворжуулаагүй 4 төрлийн татварыг тогтворжуулсан. Мөн инфляцыг хасаж тооцоогүй гэх мэт эерэг заалт олныг тусгаж өгсөн.

 -Ураны гэрээ хэрэгжиж эхлэхээс дуусах хүртэл хугацаанд Монголын талаас нэг ч төгрөг гаргахгүй байх зүйл заалт тусгасан. Гэхдээ “Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг” гэдэг нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалтын эрсдэл, санхүү мөнгөний эрсдэл хүлээхгүй байгаагийн цаад учир шалтгаан юу вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг хууль тогтоомж, дүрэм журмын адил үйлчилнэ. Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь уурхайн олох орлогоос эхний ээлжинд шууд хүртэх агуулга агуулж буй.  Мөн АМНАТ-ын татварыг борлуулалтын орлогоосоо тооцож явна. Дээр хэлсэнчилэн хэрэв шууд 34 хувь эзэмшвэл нийт хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум ам.доллар байлаа гэхэд 340 сая ам.долларыг нь хаа нэг газраас олж, энэ төсөл рүүгээ хийх үүрэг хүлээнэ гэсэн үг. Харин давуу эрхийн 10 хувь эзэмшиж байгаа учраас ямар нэгэн санхүү, мөнгө гаргах ийм үүрэг хүлээхгүй байхаар гэрээндээ зааж өгсөн.

Өнөөдөр Монголын эдийн засаг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжит нөхцөл хомс байна. Тийм учраас давуу эрхийн 10 хувь эзэмших арга нь зөв.

Дээрээс нь 2019 оны Үндсэн хуулийн зарчимд Монгол Улсад болоод нийт иргэдэд дийлэнх хувь нь ногдоно гэсэн зарчимд бүрэн нийцсэн гэрээ юм.

МОНГОЛ УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТӨРҮҮЛСЭН “БАРЬЦГҮЙ” ГЭСЭН ИМИЖЭЭСЭЭ САЛМААР БАЙНА

-Төсөл хэрэгжих хугацааны техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хэр сайн хийж чадсан бэ. Монгол Улсад олон төсөл хэрэгжиж эхэлдэг ч амжилттай дуусдаггүй, хугацаа нь уртасдаг, төсөв мөнгө нь нэмэгддэг жишээ олон бий. Ямар нэгэн саад бэрхшээл гарсан тохиолдолд ямар эрсдэл учрах вэ?

-Францын талын компани эхний ээлжинд 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргах тооцоолол бий. Мэдээж том төсөл учраас ТЭЗҮ болон хөрөнгө оруулалтын гэрээг нь уялдуулаад явж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг давхар боловсруулаад, батлаад явж байна. Тухайлбал, 52 ам.доллартой тэнцүү байсан шар нутгийн үнийг 75 ам.доллар болгож өсгөж чадсан байна. Өнөөдөр дэлхийн зах зээлд уран нэг паунд нь 80 гаруй ам.долларын үнэтэй байна.

Угтаа зах зээлийн бодит үнэ рүү нь дөхүүлж ирсэн гэсэн үг. Үнэ нь өсөхийн хэрээр олборлох ураны эслийн хэмжээ дагаад нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 105 орчим мянган тонн ураны нөөцтэй. Үүнээс ашиглаж болох нөөц нь одоогоор 69 мянган тонн гэж тооцож байгаа ч, энэ хэмжээ цаашид дагаад нэмэгдэнэ гэсэн байдлаар ТЭЗҮ хийгдсэн. Бүх зүйл дээр байгуулсан гэрээ хэлцлээ бид дагаад баримтлаад явахад ямар нэгэн эрсдэл учрахгүй гэж харж байна.

Үнэнийг хэлэхэд Монгол Улсын олон улсад үнэлэгдэж байгаа нэр хүнд нэг тийм барьцгүй. Ямар нэгэн асуудал шийдчихээд араас нь заавал нэг асуудал гаргадаг, эсвэл хууль эрх зүйн орчноо өөрчилдөг учраас хөрөнгө оруулагчдад төрүүлсэн “барьцгүй” гэсэн имижээсээ салмаар байна.

Тэгэхгүй дараагийн хөрөнгө оруулалтууд, дараагийн томоохон төслийг явуулахад хүндрэл тулгарч, Монгол Улсаас  болгоомжилж, олон улсын түвшинд хоёр компани хоорондоо шууд хийчихдэг гэрээ хэлэлцэл, эсвэл Засгийн газар хооронд хийчихэж болохоор төслүүд заавал УИХ дээр очиж асуудал нь шийдэгдэж байна. Үүнээс цааш олон улсын хэмжээнд итгэл даахуйц, итгэлтэй түнш болох асуудлууд "Орано" групптэй хийсэн гэрээн дээр хангагдаад явах байх.

– Баталгааг нь яаж гаргаж өгөх юм бэ. Хэдийгээр хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар давуу тал нь томоохон төсөл хөтөлбөрөө урагшлуулдаг боловч эргээд насжилтын хувьд богино байх эрсдэлтэй. Тиймээс дараагийн УИХ, Засгийн газар гарч ирээд өнөөдрийн байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнээс эргэж буцахгүй гэсэн баталгаа, хууль эрх зүйгээр хамгаалагдсан орчин юу байна вэ?

– Олон улсад, тэр дундаа гуравдагч хөрштэйгөө Монгол Улс 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээг тус тус байгуулсан. Ингээд 2013 онд Татварын хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад тухайн хуулиар татвар нэхсэн. Үүнээс үүдээд татварын маргаантай асуудал гарч арбитрын шүүх дээр асуудал нь очсон. Мөн "Петрочайна Дачин Тамсаг" компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэхүү бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ араас мөн дахиад дээр дурдсан татварын хуулиараа асуудал тавьж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заагдаагүй заалтаар татвар нэхэхээр нөгөө тал дургүйцээд бас л маргаан үүсгэсэн. Үүнээс улбаалаад түүхий тосны олборлолтын хэмжээ буураад явж байх жишээтэй. Монгол Улс барьцгүй, хэлсэн ярьсан, тохирсноосоо эргэж буцаад байхаар үл итгэл үүсэх асуудал гарч байгаа.

Хууль тогтоомжийн тухай хууль, Олон улсын гэрээ эрх зүйн тухай хууль, Татварын хуулинд зэрэг өөрчлөлт оруулж, яг тухайн гэрээг байгуулж байх цаг мөчид байсан хууль эрх зүйн орчин гэрээ хэлэлцээр дуустал хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэдгийг аль алинд нь оруулж өгөхгүй бол болохгүй.

Энэ тал дээр Засгийн газар, Хууль зүйн яам ажиллаж, ойрын үед шийдэл гаргана.

–Монгол Улс шар нунтаг буюу олборлосон уранаа эцсийн бүтээгдэхүүн гэж үзэж байгаа. Цаашид  Францын талаас ганцхан ураныг салгаж аваад эцсийн бүтээгдэхүүн биш гэсэн өөрчлөлт оруулах юм бол хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн гэж ойлгосон. Цаашдаа энэ шар нунтгаа яг юу гэж экспортод гаргах алсын хараагаа харж чадсан уу?

-Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу шар нунтаг бол эцсийн бүтээгдэхүүн гэж үзэж байгаа. Харьцуулаад үзэх юм бол бид нүүрсээ  хүртэл эцсийн бүтээгдэхүүн гээд оруулчихсан л явж байгаа.  Тэгэхдээ гэрээ байгуулах гэж байгаа гээд шар нунтгаа эцсийн бүтээгдэхүүн биш гэвэл нөгөө л барьцгүй гэдэг тодорхойлолт руугаа явна.

Тиймээс өнөөдрийн мөрдөж байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд эцсийн бүтээгдэхүүн мөн гэдгээрээ гэрээнд тусгаад явж байгаа юм. Тиймээс шар нунтаг байдлаар савлаж экспортолно. Харин хаашаа худалдан борлуулах вэ гэдгийг зах зээл шийднэ. Боловсруулсан шар нунтгийг дэлхий дээр цөмийн реакторт л ашиглаж байгаа. Дэлхий нийтийн сүүлийн үеийн чиг хандлага бол хамгийн хямд, хамгийн ногоон эрчим хүч рүү шилжиж байна. Монгол Улс энэ цөмийн эрчим хүчний шинэ үеийн шилжилтийн түлшний түүхий эдийн гол экспортлогч болохоос гадна Монгол Улс цөмийн бага, дунд оврын реакторыг ашиглаж эрчим хүчнийхээ асуудлыг шийдэхгүй одоо манай улсад ямар нэгэн томоохон төсөл хэрэгжих ямар ч бололцоогүй байна.

Яагаад гэвэл эрчим хүчний нөөц байхгүй, гаднаас өндөр үнээр эрчим хүч авах ийм нөхцөл байдалд байгаа учраас эрчим хүчний асуудлаа улстөржүүлээд гацаасан, оройтсон ч гэсэн одоо эхлэхгүй бол цаг хугацаа маш хурдан явж байна. Тиймээс ураны төсөлтэй зэрэгцүүлээд цөмийн реакторын асуудлыг шийднэ. Мөн ганцхан Францын биш, ОХУ-тай хамтран ашиглаж байсан Мардайн орд, Чехтэй холбоотой Гурвансайханы ч гэдэг юм уу бусад энэ чиглэлийн ордуудыг илрүүлж ашиглах болно. Монгол Улсын эдийн засаг, гадаад валютын эх үүсвэр нэмэгдэхээс гадна, стратегийн геополитикийн тоглолт явж байгаа энэ цаг үед бидэнд ураны салбарт гол тоглогч болох ийм ач холбогдолтой гэж харж байна.

 -Тээвэрлэлтийн асуудлыг давхар бас шийдээд явж байгаа байх гэж бодож байна л даа. Тээвэрлэлтээ төмөр замаар хийх юм уу, авто замаар хийх юм уу?

-Шар нунтагийг тээвэрлэхдээ өндөрт гаргаж тээвэрлэх буюу онгоцоор тээвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнд ордог. Тиймээс тусгай, аюулгүй, савлагаатайгаар төмөр зам юм уу, авто замаар л тээвэрлэх ийм нөхцөл үлдэж байна. Хаашаа борлуулахаасаа шалтгаалж тээвэрлэлт нь явагдана. Монгол Улс Цөмийн энергийн 10 гаруй конвенц гэрээнд нэгдэн орсон. Саяхан Цөмийн энергийн хуульд өөрчлөлт орсны дараа УИХ-аас 3 конвенцод нэгдэж орсон. Тэгэхээр Монгол Улс олон улсын атомын энергийн агентлагийн өмнө, НҮБ-ын  өмнө хүлээсэн үүргүүдээ баримтлаад,  стандартыг нь бариад, конвенцууддаа нэгдэн орж, гэрээ хэлэлцээрүүдээ батлаад явж байна.

-Олон улстай гэрээ хэлэлцээр байгуулаад төсөл нь хэрэгжиж байх үед орон нутгийн иргэд санаатай, санаандгүй байдлаар эсэргүүцэж зогсоодог бусниулдаг энэ асуудал дээр ямар бодлого баримтлан ажиллах вэ. Иргэдээ мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх чиглэлээр ажиллаж байна уу?

-Яг үнэн. Бид нар нэг ийм таамгаар яваад байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдэд хангалттай мэдээлэл олгож өгдөггүй мэдлэгжүүлдэггүй. “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж үг бий. Дэлхий дээр өнөөдрийг хүртэл уран ашиглаад хордож үхсэн, янз бүрийн сөрөг үр дагавар гарсан зүйл алга.  Тиймээс бүгдээрээ асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, мэдээлэлтэй баймаар байна. Хоёрдугаарт,  Монгол Улсын Засгийн газрыг ямар нэгэн байдлаар орлого олох эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засгаа эрчимжүүлэх үүрэг өгч, иргэд олон нийтийг сайн сайхан амьдруулах, эрүүл аюулгүй орчинд, сайн боловсрол эзэмшмээр байна, сайхан байшинд амьдармаар байна гэчихээд тэр боломж, бололцоог нь нээхийн төлөө ажиллахаар гацаадаг байж болохгүй. Өргөн уудам нутагтай ийм улс орны хувьд эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хэнээс ч хараат биш хангачихдаг болох шаардлага байна. Монголчуудыг бухимдуулж байгаа хамгийн том бухимдал бол ядуурал, орлогогүй байдал. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн бухимдал бол утааны асуудал. Монголчууд эрүүл мэндээрээ хохирч, хавдартай болж байна. Дээрээс нь нийслэлийн авто замын түгжрэл иргэдийг маш их стресстүүлж байна. Эдгээр тулгамдсан асуудлуудаасаа гарахын тулд эдийн засгийн чадамж, потенциал хэрэгтэй.  Гэтэл санаатай болон санамсаргүй байдлаар буруу ташаа мэдээлэл нийгэмд түгээмээргүй байна.

Төр засгаас иргэдээ хангалттай мэдээллээр хангаж чадаагүйгээс болж ямар нэгэн улс орон, байгууллагуудын гар хөл болж өөрсдийнхөө болоод үр хүүхдийнхээ ирээдүйн эсрэг зүйл хиймээргүй байна.

Ураныг газар доор уусган баяжуулах арга ашиглаж олборлож гаргаж ирэх учраас газрын дээр бол ямар нэгэн хортой процесс байхгүй гэдэг нь удаа дараагийн судалгаа, шинжилгээ, туршилтаар нэгэнт тодорхой болсон. Тиймээс харилцан ашигтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээн дээр үндэслэж, тогтвортой, хариуцлагатай, хамтын ажиллагаа өрнүүлэх нь чухал.