Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.15/-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов.
Геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлын тухай Ц.Туваан сайд эхлээд танилцууллаа. Геологийн салбар нь том, цогц салбар бөгөөд төрөл бүрийн масштабтай зураглал, эрэл, үнэлгээ хайгуул, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи, геоморфологи зэрэг олон салбар шинжлэх ухааныг багтаадаг болохыг дурдсан. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэхээр тусгасны дагуу хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар тэрбээр танилцуулсан.
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологийн судалгаа геологийн судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой аж. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1:50000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 46.9 хувьтай, улсын геологийн 1:200000 иж бүрэн зураг зохиох ажил 100 хувьтай, тус зургийг нэгтгэх ажил 14 хувь, геохимийн 1:1000000 масштабын зураг зохиох ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол агаарын геофизикийн 1:200000 соронзон судалгааны ажилд 70 хувийг хамруулаад байгаа аж.
Ашигт малтмалын эрлийн чиглэлээр үнэт, өнгөт, хар, ховор, холимог металлын эрэл, үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлж дууссан байна. Эдгээр судалгааны ажлын үр дүн 25 төрлийн 126 илэрц, 9 ордыг тогтоон илрүүлж, баялгийн хэмжээг тооцсон байна. Монголын өнгөт болон үнэт металлын хүдэржилт байх өндөр магадлалтай талбайд агаарын геофизикийн цогцолбор судалгааг сүүлийн үеийн аргачлалаар 202 мянган км2 нутагт гүйцэтгэж байгаа аж.
Тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй хайгуулын ажлын талаар сайд үргэлжлүүлэн танилцууллаа. Хайгуулын ажил нь ашигт малтмалын орд буюу эдийн засгийн үр ашигтай нөөцийг эрэх, хайх, үнэлэх, тооцоолох геологийн судалгааны нэг үе шатын ажил юм. Хувийн хэвшлээс хайгуулын ажил 2016 онд 192.5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2021 онд 102.5 тэрбум төгрөг болж буурсан гэлээ. Геологи хайгуулын салбарыг олборлох боловсруулах салбарын өмнө хөгжүүлэх стратегийг баримтлан эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс тогтоосон талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр 2022 онд 168.8 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан байна. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд 2014-2023 онд зэсийн нөөц 32.1 мянган тонноор, алтны нөөц 488.6 тонноор, төмрийн нөөц 630.9 сая тонн, хайлуур жоншны нөөц 38.8 сая тонноор тус тус нэмэгдсэн гэлээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тухай Ц.Туваан сайд танилцуулсан. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 1997 оноос иргэн болон хуулийн этгээдэд өргөдлөөр, 2006 оноос сонгон шалгаруулалт болон өргөдлөөр, 2014 оноос өргөдөл болон сонгон шалгаруулалтаар, 2017 оны өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болсон. 2010 онд тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдан 2010-2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан.
Уг өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулалтын журмыг баталж, тус журмаар 2024 оны 4 дүгээр сар хүртэл тусгай зөвшөөрөл олгосон байна. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74 хувьд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй, хориглогдсон байдаг бол Засгийн газар 2018 онд 8.4 сая га, 2023 онд 8.6 сая га талбай, нийтдээ 17 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж талбай солбилцол баталсан байна. 2024 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 2726 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Үүний 981 нь хайгуулын, 1632 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа гэв. Энэ нь нийт нийт нутаг дэвсгэрийн 4.38 хувийг эзэлж байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцууллаа. 2018-2024 онд буюу 7 жилийн хугацаанд 533 хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож, улсын төсөвт 177 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Үргэлжлүүлэн тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны тухай танилцуллаа. Уулын уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан 2023 онд 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмал арилжиж, нийт 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2024 онд 859 удаагийн арилжаагаар нийт 36.7 сая тонн нүүрс, 2.9 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мянган тонн хайлуур жонш, 6000 тонн зэсийн баяжмал арилжиж 16.26 их наяд төгрөгийн орлогыг тус тус олсон байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаарх мэдээллээр танилцуулга үргэлжилсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалт үндсэн 4 багцаас бүрдэх ба эдгээр ажил нь EPC1 багцын 11 барилга, байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж улсын комисст шат дараатайгаар хүлээлгэн өгсөн байна. EPC2 багцын инженер, геотехник суурь судалгааны ажлыг дуусган ажлын нарийвчилсан зургийн ажлыг эхлүүлж 2023 оны 4 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Багцад багтсан байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Испани Улсын “Интеска Индастриал” компани гүйцэтгэж байгаа зарим зураг төслийг боловсруулж дууссан байна. Атмосферийн болон вакум нэрлэгийн цамхаг зэрэг 20 орчим тоног төхөөрөмжүүдийг Америк, Франц, Энэтхэг, Австрали зэрэг улсад үйлдвэрлэж эхлээд байгаа гэв.
EPC3 буюу ДЦС-ын уурын зуухыг Их Британийн, турбин генераторыг Германы компаниудад захиалж, эдгээр тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Мөн тус багцын ерөнхий гүйцэтгэгчээр “Мега Инженеринг” компани 160 гаруй зураг төслийг боловсруулан ажиллаж байгаа гэлээ. EPC4 багц ажилд хамрах лицензтэй технологийн байгууламжийг лиценз эзэмшигчээр шалгарсан Францын “Аксенс”, Италийн “Генетикс технологи”, АНУ-ын “Ю Өү Пи”, “Хони Велл”, Шотландын “Шелл” компаниуд өөр өөрсдийн байгууламжийн зураг төслийг боловсруулж 2023 онд дуусгасан аж. Ерөнхий гүйцэтгэгч “Мега Инженеринг” компани EPC4 багц ажлын гэрээг батлагдсан зээлийн дүнд багтаан багц ажлын 1 дүгээр хэсгийн гэрээг байгуулсан ба нэмэлт санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа уг багцын 2 дугаар хэсгийн гэрээг байгуулах юм байна. ТЭЗҮ-ийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 онд хэлэлцэж, хүлээн авсан байна. Төслийн багц ажлуудын гүйцэтгэл 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар EPC1 100 хувь, EPC2 23.8 хувь, EPC3 17 хувь, EPC4 8 хувийн гүйцэтгэлтэй, ерөнхий дүнгээр 21.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг Ц.Туваан сайд танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд үргэлжлүүлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээрх Улсын Их Хурлын шийдвэрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд 1.849.7 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, 507.1 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ц.Туваан сайдаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг баримтлан боловсруулсан "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээгээд энэ талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдаанд танилцууллаа. Ашигт малтмал, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшиж, улсын төсөвт төлсөн АМНАТ-ын 30-аас доошгүй хувийг хуваарилах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор төсөлд тусгажээ.
Төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн санаачилснаа дурдаад, холбогдох тайлбар хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Р.Сэддорж нар төсөлтэй холбогдуулан санал хэлж, Ц.Туваан сайд тайлбар хийсэн. Ингээд Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдсан юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв