Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
2025.01.17

Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа /2025.01.17/-нд боллоо.

Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн Гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн Ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.

Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан, өнөөдөр гурав дахь мега төслөө ийнхүү хөдөлгөж байна. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд онцолсон юм.