Шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тоглолтод 170 хүн оролцлоо
2025.01.13

Шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тоглолтод 170 хүн оролцлоо

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2025.01.11) Төрийн ордонд эхэллээ.

Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар Улсын Их Хурлын дэд даргад дурсгалын шатар гардууллаа. Тэмцээний нээлтийн ёслолд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Ж.Галбадрах, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны төлөөлөл АИХ-ын депутат асан Д.Найдан, Д.Моондой, С.Билигсайхан, Т.Гантөмөр, Д.Чалхаажав, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, удирдлагууд, Монголын шатрын холбооны удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдсан бол хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болсон. Төрийн ордонд өнөөдөр эхэлж буй шигшээ тэмцээнд сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан 170 шатар сонирхогч оролцож байгаагийн 130 нь эрэгтэй, 40 нь эмэгтэй тамирчин юм. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар бол төрийн зарим байгууллагын тамирчид оролцож байна. Тэмцээнд 25-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогч тамирчид өрсөлддөг бөгөөд энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад настай тамирчин нь 86 настай Д.Найдан байв. Тамирчид нийт найман өрөг тоглон, аваргууд тодорч, тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгоно. 

Энэ удаагийн шигшээ тэмцээнд монгол шатрын төрөл нэмэгдэж байгаа бөгөөд 8 тамирчин өрсөлдөж шилдгээ тодрууллаа. Монгол шатрын үүслийг XIII зууны үеэс улбаатай хэмээн үздэг бөгөөд монголчуудын нүүдэлчин ахуй соёл, өв уламжлалыг шингээснээс гадна тоглох дүрэм, дүрс хэлбэр, нүүдэл, дуудлага нэршил зэргээрээ онцлогтой байдгийг Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, мэргэшсэн хорооны дарга Ч.Мөнхбат танилцуулж байв.