УИХ-ЫН ГИШҮҮН Г.ОЧИРБАТ У.СҮРЭНЖАВТ 2 ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ
Г.Очирбат УИХ-ын гишүүн, У.Сүрэнжав Монгол Улсын хөдөлмөрийн баатар
2024.09.25

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ОЧИРБАТ У.СҮРЭНЖАВТ 2 ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцсон. Улмаар 2024.08.30-нд таеквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын алтан медаль хүртэж, бахархам амжилт гаргасан билээ. Ингэснээр Монгол Улсаас анхлан эмэгтэй тамирчин алтан медаль хүртэж байгаа тохиолдол болсон юм.

Түүний энэхүү амжилтыг төрөөс үнэлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоод байгаа бол УИХ-ын гишүүн Г.Очирбат мялааж 2 өрөө байрны гэрээ гардууллаа.

“Ганбатын Очирбат” сангаар дамжуулан олгосон “Баганат Өргөө” ХХК-ий 2 өрөө байрны гэрээг гардуулах үеэрээ УИХ-ын гишүүн Г.Очирбат “24-хөн насандаа энэ том амжилтыг үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн,  Монгол Улсынхаа төрийн дууллыг дэлхийн индэрээс эгшиглүүлэн маш том амжилтыг үзүүлсэн У.Сүрэнжав дүүгээр монгол түмнээрээ бахархан шагшиж байна. Түүний амжилт олон дүү нарт үлгэр дууриалал, мөрөөдөл зорилгын нэг хэсэг болж байгаа гэдэгт итгэлтэй байна. У.Сүрэнжав дүүдээ Паралимпын хошой аварга болохыг ерөөе!" гэлээ.

Дэлхийн таэквондогийн Монголын холбооны тамирчин ОУХМ Уламбаярын Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Тэрээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний  алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медаль, 2023 онд Мексик Улсын Веракруз хотод болсон пара таэквондогийн ДАШТ-ий 52 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн.

Мөн 2024 онд Вьетнамын Данан хотод болсон Азийн аваргаас алт, Серби Улсын Белград хотод 2024 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Хятад Улсад 2023 онд болсон “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгө, Австрали Улсын  Брисбан хотод 2023 онд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алт, Иран Улсын Тегеран хотод 2024 онд болсон дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль авч байв.

Франц Улсын Парис хотод 2023 онд болсон дэлхийн гран при тэмцээнээс мөнгө, Мексик Улсын Белград хотод 2023 онд гран при тэмцээнээс мөнгө, Хятад Улсын Тайюн хотод 2023 онд болсон гран при тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн тамирчин юм.