2024.06.19

ЭР ЗОРИГ, ХУРДААР БУС УХААН ЗАРЖ ИЛҮҮ СЭТГЭСЭН НЬ ТҮРҮҮГ АВДАГ

Би удам дамжсан тамирчин. Өвөө, аав хоёр маань авто, мото спортын аль алинд хурд сорьдог байсан нь энэ спортод дурлах гол шалтгаан байсан болов уу. Манай аавыг А.Пүрэвдорж гэдэг ОУХМ цолтой, Монголын хамгийн анхны Мото спортын клубийг үүсгэн байгуулсан юм. Миний хувьд Мото спортоор хичээллээд 15 жил болсон бөгөөд 2019-2022 он хооронд дөрвөн жил завсарласан. Тэр хугацаанд Австри улсад Бизнес, маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн.

Уралдаанд техникийн давуу тал, хүчин чадал чухал ч, тамирчнаас тооцоолон бодох чадвар, туршлага, өндөр мэдрэмж шаарддаг. Эр зориг хурдаар бус ухаан зарж, илүү сэтгэсэн нь амжилтад хүрдэг.

Мото спортын хөгжлийг аваад үзвэл, бид Дэлхийд гарах сайн цаг ойртож байгаа хэмээн хардаг. Монгол Улсын хэмжээнд Мото спортыг сонирхон хичээллэдэг залуус арвин ч, мэргэжлийн тамирчдын тоо хуруу дарам цөөн. Нэг ёсондоо, сонирхогчоос мэргэжлийн тамирчны түвшинд шилжих процесс нь удаан байх шиг. Тиймээс иргэд, олон нийтэд энэ спортыг зөвөөр сурталчлан таниулах ажлыг бодлогын хэмжээнд авч үзэж, ЕБС-иас нь эхлэн биеийн тамирын хичээлийн программд суулгах нь зүйтэй. Ингэхдээ, тухайн техникийг зөв эзэмшүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа ханган соёлтой оролцох зорилгоор автомашин, мотоциклийн хичээлийг сурагчдад заах чиглэлд анхаарч ажиллаасай хэмээн боддог. Миний хувьд 7-8 насны хүүхдүүдэд энэ чиглэлийн сургалтуудыг ордог. Аливаа спортыг бага балчир насанд нь зөв техникийн дагуу сургаж, мэргэшүүлэх нь ирээдүйд өндөр амжилт гаргахын үндэс суурь болдог. Нөгөө талдаа, Мото спортод өөрийн чадах зүйлээр бага ч атугай хувь нэмэр оруулах үүднээс энэхүү ажлыг хийж буй. Цаашид, Мотоциклийн бүх шатны сургалт, хувцас хэрэглэл бүхий төвлөрсөн байгууламжтай болохыг мөрөөддөг. Тодруулбал, Мото спортод шунан дурласан хүүхэд, залуусын зорин ирж, мэдлэг мэдээллээ солилцож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх “төв” байгуулах хүсэлтэй. Энэ мөрөөдөл маань ажил хэрэг болж, биеллээ олох хүртэл хичээн зүтгэх болно.   

Сүүлийн үед залуус мотоцикл унаж замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдсэн байна. Иймд, Мото спортыг хүүхэд, залуучуудад сурталчлан таниулж, зөв хэрэглээг нь түгээж, замын хөдөлгөөнд хурдаа тохируулан, аюулгүй байдлаа сайтар ханган, соёлтой оролцохыг уриалах, таниулах нөлөөллийн ажлуудыг хийх нь чухал. Манайхны нийтлэг хандлага нь, Мотоциклийг маш аюултай зүйл хэмээн ойлгох нь олонтаа. Энгийн хэрэглээнд зөв дадал туршлагаар, амьдралынхаа нэг хэсэг болгож чадвал “эерэг” зүйлс маш олон. Түүнчлэн, Мото спортоор хичээллэхийн давуу талыг тооцоод баршгүй. Мэдээж тухайн хүнд тэсвэр хатуужил, бие бялдрын хөгжил олгохын сацуу тархины цусан хангамжийг сайжруулдаг. Мөн залуужуулдаг ч гэлцдэг. Учир нь бид, өндөр хурдтайн дээр байнга үсэрч, харайдаг. Энэ нь тухайн хүнээс асар өндөр адерналиныг ялгаруулж байдаг. Нэг ёсондоо, эрсдэлтэй байнга нүүр тулж, энгийн хүнийхээс хэд дахин ихээр биеийн булчингууд ажилладаг онцлогтой. Аливаад соргог байж, самбаачлах мэдрэмж ч өндөр түвшинд хөгждөг. Дашрамд, мэргэжлийн уралдаанд хамгаалалтын хувцас хэрэглэлүүд бүгд airbag буюу машин дотор байдаг шиг дэлбэрдэг системтэй. Яаж ч унаж, ямар ч доргилт авсан airbag задраад хамгаална гэсэн үг. Энгийн хэрэглээний хувцас хэрэглэлүүд ч хамгаалалтын өндөр системтэй болсныг хэлэх хэрэгтэй. 

Дэлхийн Мото спортод, Ази тамирчдыг үл тоох хандлагатай байдаг нь нууц биш. Тэрхүү хандлагыг өөрчилж, эх орныхоо нэрийг Дэлхийд гаргаж амжилтаа ахиулах нь миний зорилго.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан