2024.12.27

П.Сайнзориг: Цаашдаа транзит тээврийн хэлэлцээрийг хийх талаар ярих хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Ганц мод Гашуун сухайт боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр бусад төмөр замуудын холболтуудыг хийнэ. Ингэснээрээ олон боомтоор бараа материалаа татах экспортоо дэмжих үйл ажиллагаа явна. Цаашдаа Монгол улсад орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний тээврийн зардал багасаад явах ийм бололцоо бүрдэх байх.Алсдаа энэ хүрээнд БНХАУ-тай яригддаг Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай 2 улсын ЗГ-ын хоорондын хэлэлцээр Ганц мод Гашуун сухайтын хил холболтын асуудлаас болоод зогссон байдаг.

Транзит тээврийн хэлэлцээрээр Монгол улсаас гарч буй бараа бүтээгдэхүүний буюу Хятадын нутаг руу гарч байгаа бараа бүтээгдэхүүний 3-ны 1-тэй тэнцэх хэмжээний бараа материалыг гуравдагч хөрш рүү Хятадын төмөр замаар хөнгөлөлттэй тээвэрлэж хүргэх квот манай улсад олгох зүйл яригддаг байсан. Иймд цаашдаа транзит тээврийн хэлэлцээрийг ярьж анхаарах ёстой. Транзит тээврийн хэлэлцээрийн ач холбогдлыг яамдууд хэлж өгнө үү.

Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn