ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛ АРД ТҮМНИЙ "ЗАРЦ" ЮМ
УИХ-ын гишүүн А.Ганбаатар
2024.12.26

ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛ АРД ТҮМНИЙ "ЗАРЦ" ЮМ

Монгол "төрийн түшээ" хүн гэж өргөн утгатай, гүн хүндэтгэлтэй үг...

Ямар ч зүйлд эрх ашгийн эрэмбэ гэж бий. Миний хувьд улс төрд алхан орсон цагаасаа "эхлээд улс орны эрх ашиг, дараа нь нам, үзэл бодол нэгтнүүдийн эрх ашиг, хамгийн сүүлд нь хувийн эрх ашиг" гэдэг зарчим баримталж ирсэн. Энэ жил шинэ хуулийн дагуу Ардчилсан намаас *жагсаалтаар" гишүүн болсон. Ардчилсан нам бол Монголын ард түмний томоохон хэсгийн үзэл бодол, итгэл үнэмшил учраас би "ард түмний итгэлийг хүлээж" сонгогдсон гэж бодож байна. Тиймээс аливаа асуудалд ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг дээдэлсэн, голч, шударга байр сууринаас хандах болно.

"Жагсаалтын" гишүүний хувьд нутаг нуга, жалга тойрсон асуудалд бус улс төрийн өргөн цар хүрээнд, нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Тийм учраас би мега төслүүдийг дэмжиж, түүнээс ард түмний хүртэх ашгийг өндөр түвшинд байлгах зэрэгт анхаарал хандуулж, нэн түрүүнд улс орны болон иргэний эрх ашгийг эрэмбэлэх болно. Монгол хүн эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй, улс орондоо эзэн байх зарчим юм л даа. Жишээ нь, энэ жилийн төсөв дээр миний зарчимтай зөрчилдөх зүйл байсан. Алтны олборлолт, борлуулалтын орлогоос 60 хувийг "Ирээдүйн өв сан"-д хуримтлуулах ёстой. Гэтэл энэ жилийн төсөв дээр ирээдүйн өв санд хуримтлуулах дүнг 40 хувь болгож бууруулсантай би санал нийлэхгүй. Бид өнөөдрийн, өөрсдийнхөө хамар дор тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ирээдүйгээсээ, үр хүүхдээсээ хулгай хийж болохгүй.

Парламентын гишүүнээр ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд хэдэн гол зарчим баримтална...

УИХ-ын гишүүн гэхээр "дарга" гэж эндүүрдэг. Үгүй ээ. УИХ-ын гишүүн бол "public servant" буюу ард түмэнд үйлчилж, зүтгэх ёстой албан тушаал юм. Би энэ үүднээс нь харж ажиллахаар өөрийн зарчмаа тодорхойлсон. Энэ нь цөөхөн хэдэн зүйл дээр л тогтоно.

  • Хийж буй алхам, гаргаж буй шийдвэртээ нэн түрүүн хүний эрхийг дээдэлж, хүний, ард түмний үзэл бодлыг хүндэтгэн үзнэ.

  • Улс орны эрх ашгийг, үндэсний аюулгүй байдлыг хангахыг дээдэлнэ.

  • Ардчиллын үнэт зүйлийг дээдэлж, ардчилсан нийгмийн ардчилсан төрийн, нээлттэй, шударга зарчмыг хангана.

Өөрийн төлөөлж буй мэргэшсэн, туршлага хуримтлуулсан салбартаа шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг зоригтой хийхээр төлөвлөж байна...

Миний хувьд УИХ-ын БСШУСБХ, ИЦХБХ-нд, мөн таван ажлын хэсэгт ажиллаж байна. Мэргэшсэн чиглэлийн хувьд спорт, соёл, сэтгүүл зүй нь миний салбарууд гэж болно. Тиймээс хэд хэдэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажилд өөрийн туршлага, хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Нэн түрүүнд үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудалд онцгой анхаарах болно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх бол хүнтэй хамт "төрдөг" заяамал эрх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар болон НҮБ-ын Түгээмэл тунхаглалын 19 дэх зүйлээр баталгаажуулсан байдаг. Төр нь иргэний оролцоог хангасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байж ардчилал сая хангагдана. Төр гэдэг чинь ард түмэн шүү дээ. Тиймээс иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг нь ардчиллын гурван тулгуур болох төр, иргэний оролцоо, хэвлэл мэдээлэл гэсэн гурван зүйлийн хоёр нь манай улсад ганхаад байгааг харуулж байна. Иргэний орон зай гэдэг бол өөрийн амьдралтай холбоотой бодлого боловсруулахад хувь хүмүүс, бүлэг гар бие оролцох, хувь нэмэр оруулах боломж олгодог талбар бөгөөд мэдээлэл авах, харилцан ярилцах, үл зөвшөөрөх, дэмжихгүйгээ илэрхийлэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр хамтдаа нэгдэх зэрэг агуулгыг багтаадаг. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг хангасан байх нэн чухал. Энэ нь сэтгүүл зүйн хараат бус байдлыг хангана гэсэн үг юм. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй хүн. Тиймээс УИХ дахь хэвлэлийн эрх чөлөөний хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг болон Жагсаал, цуглаан хийх эрхийн хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэгт ажиллаж байна. Энэ нь мөн л иргэдийн үндсэн хуулиар баталгаажсан заяамал эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зохицуулах хууль юм.

Дараагийн нэг анхаарах асуудал бол Биеийн тамир, спортын тухай хууль. 2024 оны 06 сарын 05-нд шинээр баталсан Биеийн тамир, спортын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг удахгүй 2025 оны 1 сарын 1-нээс эхлэн мөрдөнө. Уг хуульд Үндэсний шигшээ багийн тухай асуудлыг шийдвэрлэх журам батлах эрхийг эрхэлсэн сайдад нь олгоогүй байна. Үүнээс маш их юм хамаарна, асуудал үүснэ. Ямар спортыг сонгох, шигшээ багуудын шалгуур, тамирчдын цалин, урамшуулал, ерөөсөө бүх зүйл шийдэгдэх журмыг батлах эрхийг баталгаажуулаагүй байна гэсэн үг. Тиймээс шигшээ багийн тамирчид цалин, эрх ашгаараа хохирч болзошгүй асуудалд онцгой анхаарч, Биеийн тамир спортын тухай хуулийн Үндэсний шигшээ багтай холбогдох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулна.

Гурав дахь анхаарах асуудал бол төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна.

ТӨК-иуд үр ашиггүй, нээлттэй бус, авлига, ашиг сонирхлын үүр уурхай боллоо гэсэн шүүмжлэлд өртөж байгаа. Одоо байгаа Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компаниас ердөө 2-3 компани л ашигтай ажиллаж байгаа гэдгийг Төрийн өмчийн хорооноос мэдээлсэн. Төрийн зүгээс ард түмнээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангаж, батлан хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх эрүүл мэнд, батлан хамгаалах, агаарын тээвэр, төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч гэх мэт онцгой салбаруудаа төрийн өмчлөлд байлгаад, бусдыг нь хувийн хэвшилтэйгээ булаалцалдах хэрэггүй. Ямар салбар, ямар компанийг төр өмчдөө байлгах юм, ямрыг нь ОНОААН хэлбэрт шилжүүлэх юм, алийг нь цэвэр хувийн хэвшлээр хийлгэх юм бэ гэдгээ ялгах, эрэмбэлэх хэрэгтэй. Зах зээлийн зарчмаараа хөгжиж байж эдийн засгийн хөгжил яригдана.

Монгол төрийн бодлогын залгамж халаа алдагдаж, өмнөх удирдлага, Засгийнхаа хийсэн ажлыг үгүйсгэх хандлага хааяа ажиглагддаг.

Би үүнийг маш буруу гэж боддог. Өмнөх бодлого, үйл ажиллагаа нь ард түмний болон улс орны эрх ашигт сайнаар нийцэх зүйл байвал өөрөө санал нийлэхгүй байсан ч дэмжиж, алдаатай зүйл байвал засаж залруулаад сайжруулаад явах ёстой. УИХ анх удаа 128 гишүүнтэй болж өргөжлөө. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэдэг монгол цэцэн ухааны утга, агуулгыг харуулах боломж юм. Мөн ард түмний дуу хоолойг нь сонсож байх нь нэн чухал учраас төсөв, томоохон төслүүдэд санал өгөх иргэд, олон нийтийн үндсэн эрхийг эдлүүлж, нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай. Өөр нэг зүйл бол, ямар ч том төслийн үндэс суурь нь шинжлэх ухааны үндэслэлтэй байж амжилтад хүрнэ. Тиймээс аливаа асуудалд шинжлэх ухааны бодит судалгаа, ололт амжилтыг сайтар судалж нухацтай хандах ёстой.

Олон нам эвслийн төлөөллөөс бүрдсэн парламентын хууль батлах явц хэт удаан, үл хүлээн зөвшөөрөх, санал нэгдэхгүй байх эрсдэлтэй гэж зарим улс төрчид хэлдэг ч би олон ургалч үзлийг дэмждэг...

Би олон намын тогтолцоо бол улс төрд олон ургалч үзлийг бэхжүүлж байгаа дэвшил гэж үздэг. Олон талын, олон төлөөллийн санал бодол, илэрхийллийг багтааж байгаа нь өөрөө парламентын үндсэн шинж чанар юм. Парламент анх Ромын эзэнт гүрний үед үүссэн цагаасаа л мэтгэлцээний талбар байсан. Одоо ч бид "эрүүлээр мэтгэлцэж" олон санааг уралдуулж, тэндээс хамгийн зөв, сайн санааг сонгож авах үүрэгтэй. Улс орны эрх ашиг, хүний төлөө гэсэн сэтгэл зүрх нэгтгэж байх юм бол аль нам, эвсэл байх нь хамаагүй, ажлыг уяж саад тотгор үүсгэх ёсгүй. Парламент бол хүний эрхийг хангасан, ардчилсан нийгмийн удирдлагын зөв тогтолцоо шүү дээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан