2024.11.14

Д.Батлут: Эрдэмтэн судлаачдын үгийг сонсохгүйгээр, иргэдэд зөв мэдээлэл өгөхгүйгээр хуулийн төслийг явуулж болохгүй!

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал орж ирснээрээ уран хортой хоргүй, Монгол Улсад ашигтай ашиггүй, АМНАТ-ыг тухайлсан хувиар нэмж авна, зах зээлийн үнэтэй холбогдуулж ийм байдлаар нэмэгдүүлнэ, энгийн хувьцааг нь давуу эрхийн хувьцаа болон өөрчилнө г.м маргаан улстөрийн хүрээнд өрнөж байна. Харин иргэдэд мэдээлэл байхгүйн дээр эрдэмтдийн байр суурь ч алга. Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч яаралтай горимоор 2024-10-25–нд оруулж ирээд анхны хэлэлцүүлэг явж байна. Яаралтай горимоор ямар асуудал яаж орж ирдэг юм. Бид иргэддээ мэдээлэл өгөхгүй, инженер судлаачдын олон талын байр суурийг авалгүй хуульд хөнгөн хандсанаараа эргээд нь уг хууль маань хэрэгжих боломжгүй болчихвий, хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгочих вий, иргэдийн эсэргүүцэлтэй тулах вий! бид аливаа асуудалд хандахдаа энэ бүхнийг тооцох хэрэгтэй байна.

Иргэддээ зөв мэдээлэл өгье. Яагаад заавал "яаралтай" гэж. Засгийн газрын 14 мега төслийг хэрэгжүүлэх Франц Монголын хамтарсан гэрээг хэрэгжүүлэх үүднээс асуудалд хандаж байна хэмээн үзвэл илүү биеллээ олох, шийдлээ гаргахын тулд олон талын байр суурийг авч үзэх хэрэгтэй! Энэ маргаантай асуудлаа цаашид эцэслээд явах хэрэгтэй. Эс бөгөөд баталсан хууль маань хэрэгжихэд хүндрэлтэй болно. Тиймээс энэ чухал асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсэж байна.


“Бадрах энержи” гэж компани туршилтын олборлолт хийсэн юм уу. Туршилтын олборлолтоор ямар технологи ашиглаж хэчнээн хэмжээний ураны баяжмал олборлов. Үүнээс үүдэлтэй байгаль болон хүнд сөрөг нөөлөө үзүүлсэн судалгаа байна уу? Цаашлаад бид ямар технологийг авч хэрэгжүүлэх юм гэдэг асуудлыг ярих ёстой. Энэ бүхэн чинь иргэдэд эргээд зөв мэдээлэл болж очно шүү дээ.

Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан