2024.08.23

М.Нарантуяа-Нара: Хөтөлбөр дээр хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нарийвлан оруулж өгөөгүй байна!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

Хүний хөгжлийн бодлогод заасан байгаа, цалинтай эцэг, эх нийгмийн хамгааллын бодлогыг ОУ-ын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно хэмээн заасан байгаа. Ээжүүдийн хамрах хүрээг хэдээс хэдэн насны хүүхэдтэй ээжүүд гэж заасан байгаа вэ? 

Мөн ОУ-ын жишигт нийцүүлнэ гэсэн байна. Миний амьдарч байсан Япон улсад цалинтай ээжийн дүн нь тухайн ээжийн цалингийн 67 хувьтай тэнцэх дүн байдаг. Манай улсад 2024-05-01-ний өдрөөс эхлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг болгон шинэчилсэн. Тэгэхээр үүнтэй дүйцүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн үү. Мөн цалинтай эцэг гэж ямар хүнийг оруулав. Өрх толгойлсон эцэг үү, нялх хүүхэдтэй гэж оруулав уу?

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дээр хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг ерөөсөө нарийвчлан оруулж өгөөгүй байна. Хүүхдийн хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд шүү дээ. Эрүүл байж гэмээ нь сурах, хөгжих, хамгаалуулах хэрэгцээ шаардлага үүсдэг. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, 4-5 жилийн хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллана гэж байна. Тэгвэл энэ хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай 10 гаран хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн асуудлыг эл хугацаанд хэрхэн шийдвэрлэх вэ? 

Түүний асуултад, Засгийн газрын гишүүд хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан