Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно
2024.05.21

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно

 Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тус түр хороо энэ сарын 17-нд хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон байна. Сонсголыг Түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргалж, дөрвөн асуудал, найман сэдвийн хүрээнд зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцаг онцоллоо.

Тодруулбал, Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагааны асуудлаар Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг зохих хууль журмын дагуу олгож, бүртгэж баталгаажуулсан эсэх, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн эсэх, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байгаа эсэх талаар нотлох баримтыг шинжлэн судлах юм байна.

Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх асуудлын хүрээнд Тусгай зөвшөөрлөөр олгосон тусгай зөвшөөрлийн талбайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, нөөцгүй болон нөөц нь тодорхойгүй тусгай зөвшөөрлүүд, олборлолт явуулахгүй байгаа боловч бүтээгдэхүүн экспортолж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт асуудлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгож, хяналтыг хэрэгжүүлсэн эсэх, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын борлуулалт, татвар ногдуулалт, төлөлт, хяналтын талаар хэлэлцэнэ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, тайлагнах, хураах үйл ажиллагаа, АМНАТ ногдуулалт, өр төлбөр, өр төлбөртэй ААН-ийн экспортын асуудал, тусгай зөвшөөрөлгүй экспортлогч этгээдийн АМНАТ, жишиг үнэ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой бусад асуудлууд, ТӨҮГ-ын балансын бус нөөц, бага агуулгатай хүдрийн борлуулалт, дагалдах ашигт малтмалын АМНАТ, тусгай зөвшөөрөлгүй экспортлогчдын асуудлаар нээлтэй сонсгол зохион байгуулна.