2024.03.19

“ЭХХШ тухай хуулийн өөрчлөлтөөр нэг ч иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаггүй болно”

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан бөгөөд энэ хуулийн гол амин сүнс нь хүний эрх. Гэтэл саяхныг хүртэл Монгол Улсад аливаа иргэнийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр барьж, хорих тохиолдол байсаар ирсэн. Үүнийг Олон Улсын байгууллагаас хүний эрхийг ноцтой зөрчиж буй явдал хэмээн үзсэн. 

НҮБ-ын 2022 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад хийгдэж буй нийт баривчилгааны 98 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдэж байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрхэрх чөлөөний байдлын талаарх  22 дахь илтгэлдээ “Нийт баривчилгааны 73  хувь нь шүүхийн хяналтад орохгүй өнгөрч байна” гэж тусгажээ. Тус илтгэлд хэд хэдэн иргэний кэйс дурдагдсан бөгөөд “нэг иргэнийг гэм буруутайг шүүхээр эцэслэн тогтоох хүртэл 48 сар буюу 4 жилийн хугацаанд цагдан хорьсон” тохиолдол ч байлаа. 

Харин өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эцэслэгдсэн.

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд цагдан хорих тухай маш нарийвчлан тусгасан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нэг ч иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлахгүй болж байна” гэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан баталсан нь манай улсад иргэний засаглал бүрэлдэн бий болоход ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Тус хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны 8-р сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.