Гадаадын иргэд "E-Mongolia"-аар үйлчлүүлж эхэллээ
2023.11.02

Гадаадын иргэд "E-Mongolia"-аар үйлчлүүлж эхэллээ

Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан үндэсний цахим платформ болох E-Mongolia-аар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлэх боломжтой боллоо.

F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялж, жуулчилж буй гадаадын иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм. Гадаадын иргэд E-mongolia-д нэвтэрч, оршин суугаа, аялж зорчиж буй газар байршлынхаа картыг үзэх, хаягийн лавлагаа авахаас эхлээд, Монголд бизнес эрхэлдэг, хөрөнгө оруулахыг хүсвэл, бусад үйл ажиллагаа явуулах бол хуулийн этгээд байгуулах, зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар илгээх, компанийхаа мэдээллийг хянах, цаг, зардлаа хэмнэх зэрэг өргөн боломжийг бүрдүүлсэн байна.


ЦХХХ-ын сайд Н.Учрал: Гадаадын иргэд, Элчин сайд, Консулууд нэг зүйлийг хүсдэг байсан. E-Mongolia 1.6 сая хэрэглэгчтэй болж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авдаг болчихсон байна. Ядаж л оршин суугаа газрынхаа тодорхойлолтыг авчихаар төрийн байгууллагуудаар очиж, оочер дараалал үүсгэхгүй амар юм. Бид нарт нээж өгөөч гэж хүссэний дагуу гадаадын иргэд Е-Моngolia-г хэрэглэх нөхцөлийг бүрдүүллээ. Гадаадын иргэд Е-Моngolia руу орж F-регистр авах гэж дарахад л регистр гарч ирнэ. Ингэснээр оршин суугаа газрынхаа тодорхойлолтыг авах, Монгол Улсад компани байгуулах, хөрөнгө оруулах, бизнес эрхлэх хүсэлтэй хүн компаниа байгуулах, зөвшөөрлөө хүсэх, лиценз авах нөхцөл бүрдэж Е-Моngolia-аас авах боломжтой болсон.

Түүнчлэн, гадаадын иргэд төөрч будилбал, гэмт хэрэг зөрчилд холбогдвол, эрсдэлд орвол хаана хандахаа мэддэггүй. Тэгэхээр e-kids-д нэвтрүүлсэн шиг SOS гэдгийг дарахад хаягаа цагдаа руу илгээж болно. Энэ бол дэвшил. Элчин сайдуудын хэлж байгаагаар долоо хоног аялахаар ирсэн хүнд сим карт авах хүртэл хүндрэлтэй байдаг гэж байна. Тэгвэл F регистр Е-Моngolia-аас авснаар сим картыг авч, гар утасны дугаартай болно гэх зэрэг боломж нээгдэж байгаад баяртай байна гэдгийг илэрхийлж байна гэлээ.

Хэрвээ гаднын иргэн Монгол Улсад компани, хуулийн этгээдтэй бол бүртгэлийн мэдээллээ үзэж, бизнесийн олон төрлийн үйлчилгээг гар утас, компьютерээ товшоод авч болох юм. Түүнчлэн, Монголд хөрөнгө оруулах, манай орны хөгжилд тустай ажил үйлс эрхлэх, аялж жуулчлахад хэл, соёл, мэдээлэл, ойлголт, хууль эрх зүйн орчны зөрүү хүндрэл учруулдаг. Компани бүртгүүлэхээс эхлээд орчуулагч, хөтөч дагуулан явах, харилцаж ойлголцоход эхний алхмаасаа бэрхшээлтэй тулгардаг.

Тиймээс E-Mongolia-д Foreign цонх нээж, гадаадын иргэдэд цахимаар үйлчилж эхэлсэн нь хөрөнгө оруулалт урин дуудах хувь нэмрээ оруулна. Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдсэн байна.

Мөн оршин суугаа хаягийн лавлагаа авах, Гадаадын иргэн харьяатын газартай холбоо барих, яаралтай тусламжийн утасны дугаар зэрэг нэн шаардлагатай мэдээллүүдийг англи хэлээр байршуулжээ. ЦХХХЯ, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байгаа аж.

Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ?

Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой. Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Хэрэв гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авах аж.