Н.Учрал: Цаашид Монгол Улсын харилцаа холбооны салбарын хөгжил дэлхийтэй хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна
2023.09.16

Н.Учрал: Цаашид Монгол Улсын харилцаа холбооны салбарын хөгжил дэлхийтэй хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна

Монгол улсад орчин цагийн Мэдээллийн аюулгүй байдлын газар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн халуун баярыг үе үеийн ахмадууд болон нийт ажилтан албан хаагчид, удирдлагуудад хүргэж байна. Монгол Улсын харилцаа холбооны салбарын дотроос шуудан холбоо нь хамгийн эртний ууган салбарын нэг юм. Өртөө шуудангийн эртний буурал түүхтэй улс орнуудын нэг нь Монгол Улс бөгөөд манай эрний өмнөх III зууны сүүлчээс оршин тогтнож байсан Хүннү нар олон муж хязгаартайгаа түргэн шуурхай харилцах, хааныхаа зарлигаа хүргэх, холыг ойртуулж, хоёрыг уулзуулж, орон зай, цаг хугацааны саадыг арилгасан түүхтэй.

Өнөөгийн мэдээллийн эрин зуунд харилцаа холбооны хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд үүнийгээ даган цахим орчин, кибер орчны аюулгүй байдал нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх зорилт арга хэмжээг тусгаж уг бодлогын баримт бичигт тусгасан ажил арга хэмжээг Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулан ажиллаж байна.

undefined

ЦХХХ-ны сайд Н.Учрал миний бие УИХ дээр Кибер аюулгүй байдлын багц хуулийн Ажлын хэсгийг ахлан 2021 онд харилцаа холбооны салбарын 4 чухал хууль түүний дотор Кибер аюулгүй байдлын тухай хуулийг батлуулсан. Энэ хууль батлагдсанаар, кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдэж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах эрх үүрэг тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зэрэг шинэ ажил, арга аргачлалууд хуульчлагдав.

Уг хуулийг дагалдан Кибер аюулгүй байдлын стратеги, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн дүрэм, журам зэрэг олон эрх зүйн баримт бичгүүд анх удаа Засгийн газраас батлан гаргаж Кибер аюулгүй байдлын салбарын олон улсын нийтлэг жишиг бүхий эрх зүйн орчин бүрдээд байна. Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан Кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулагдан тус зөвлөлийн дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд миний бие болон ТЕГ-ын дарга нар ажиллаж, олон улсын стандартад нийцсэн Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагаа, уялдуулах ажлууд хийгдэж байна. Энэ бодлогын хүрээнд ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар дээр National CERT, Цахим тоон шинжилгээний лабораторууд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн явдалд баяртай байна.

Цаашид Монгол Улсын харилцаа холбооны салбарын хөгжил дэлхийтэй хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд үүнд кибер аюулгүй байдлын салбарын даяарчлал , олон талт хамтын ажиллагаа, механизм улам бүр чухал болж үүнд МАБГ-ын хамт олны чухал үүрэг оролцоо гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn