Шил ажиллагаа бол авилгын эсрэг технологийн шийдэл
2023.09.14

Шил ажиллагаа бол авилгын эсрэг технологийн шийдэл

Монгол Улсын Засгийн газар “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртсэн нь E-Mongolia -гийн хэрэглэгч 1,6 сая монгол хүн, тоон гарын үсгээ авч, технологийн дэвшлийг өдөр тутамдаа ашиглаж байгаа 800 мянга гаруй иргэний хамтдаа гардан авсан шагнал юм.

Авилгын эсрэг Засгийн газрын 5Ш ажиллагаа, “Хаана нууц байна тэнд авилга байна” гэсэн уриатай Шил ажиллагаа, shilen.gov.mn-ээр ил тод болсон 68 төрлийн 750 мянга гаруй мөр өгөгдөл мэдээлэл ил тод болж, баримжаагаар биш баримтаар, сургаар биш сурвалжаар нь засаг төрөө шууд харж хянаж, олуулаа нүдээ нээн, 3 сая гаруй хандалтыг бүрдүүлэн мэдэх эрхээ эдэлж буй иргэн бүрийн хамтын амжилт юм. Монгол хүний уураг тархинд үйлдвэрлэсэн, шавхагдашгүй дундаршгүй оюун ухаанаа олборлон программ хангамж бүтээгч 2000 гаруй инженер, төр ба хувийн хувшлийнхний багаараа авсан үнэлгээ юм.
НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын индексээр Монгол Улсын 18 байраар ахиж чадсан амжилтыг үнэлсэн шагнал, нөгөө талаас цаасан хүнд суртлыг цахим хөнгөн суртлаар халж солих урам зориг, үүрэг ачаа оноосон шийдвэр юм.

Хоёр тэрбум гаруй хүн амтай 75 улс, 104 орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн олон мянган байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн “Нээлттэй Засгийн Түншлэл” (OGP)-ын өргөмжлөл бол нэг талаас хийсэн ажлын үнэлгээ, нөгөө талаас хийх ажлын хариуцлага.
Хамтдаа хийсэн ажил багагүй чамгүй ч, хамтдаа хийх ажил түүнээс ч их байгааг улам тодоор мэдрүүлсэн үнэлгээ. 70 балл авсан оюутан 80, 90, 100 болгохын төлөө хичээх урам зориг авдагтай адил үүрэг хариуцлага гэж хүлээн авч байна. Шагналдаа эзэн байж, амжилтаа ахиулах гэрийн даалгавар гэж үзэж байна.

Одоогоос 4 жилийн өмнө, 2019 онд өнөөдрийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга миний бие, төр, хувийн хэвшлэлийн төлөөлөл Эстони улсад очиж, И засаглал академиас нь туршлага судалж, зөвлөх үйлчилгээ авч энэ ажил эрч хүчээ авч байсан.
Дарга, гишүүд гоё гоё туршлага судлах нэрээр гадаадаар зугаалаад л байдаг, Монголд нэвтрүүлж чадах уу гэдэг эргэлтээ тээнэгэлзэл дундуур эрч хүчээ аван урагшилж, УИХ цахим хөгжлийн дэмжих 4 багц хууль батлан гаргасан.

Цаасан хүнд суртлыг цахим хөнгөн суртлаар халах том зорилгыг манлайлж байгаа Ерөнхий сайдад салбарынхаа хамт олны өмнөө талархал илэрхийлье. Энэ бол Монголд итгэж болно шүү гэсэн сайн мессеж, сайн мэдээ. Гадаадын хөрөнгө оруулагчдад, дэлхийн дахинд өгч байгаа олон улсын хөндлөнгийн үнэлгээ. Гурав дахь үеийн шинэчлэлээ хийсэн Е-Mongolia системийн үр дүнг албаны тоо баримтаас илүү алган дээрээ төрийн үйлчилгээг авч байгаа иргэдийн хэмнэсэн цаг, мөнгө, тамгатай цаасны төлөө танил тал хайж, гутлын улаа эргүүлээгүй хүмүүсийн сэтгэгдэл илүү бодитой илэрхийлнэ. Шил ажиллагаа бол авилгын эсрэг технологийн шийдэл. Иргэн нь мэдээлэлтэй бол эрх мэдэлтэй байдаг нь эрх чөлөөт нээлттэй нийгмийн амин сүнс. Өөрсдийнхөө сонгон байгуулсан төрөө 24 цагаар шууд харж хянах, олуулаа нүдээ нээн мэдэх эрхээ эдлэх нь авилгын хана хэрмийг нураах хүч.

Авилга хэмээх бүх хүний илүү боломж, ирээдүй маргаашийг булаасан хорт хавдрын хөрс болсон цаасан хүнд суртлыг халж цахим хөнгөн сурталд илүү өндөр хурдаар дэвшин орохын төлөө оюун ухаан олборлон улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна.
Цаасан хэлбэрээр, биеэр, бичгээр гэх мэт үг хэллэгт 300 гаруй хуулийн цаасан түгжээг тайлах зэрэг хийх ажил, шийдэх асуудал, хүрэх үр дүн Та биднийг хүлээж байна.

Өнөөдөр 800 мянга байгаа тоон гарын үсэгтэй иргэд улам олуулаа болж, тоон бичиг соёлын үр шимээр өөрсдийнхөө цаг, мөнгийг хэмнэж, өөрсдийнхөө төрийг хянаж, технологийн дэвшлээр авлига, хүнд суртлыг арилгахын төлөө нэгдэнэ гэдэгт итгэж байна.