Төсвөөс хараат бус байж, санхүүгийн эх үүсвэрээ нэмснээр хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэнэ
2023.07.10

Төсвөөс хараат бус байж, санхүүгийн эх үүсвэрээ нэмснээр хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэнэ

“Монголын эдийн засгийн форум-2023” хоёр дахь өдрөө “Хотын хөгжил” нэгдсэн хуралдаанаар үргэлжиллээ. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, IFC-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц, байгалийн нөөцийн салбарын захирал Изабел Чаттертон, “Компанонс Проперти Нетворк” компанийн гүйцэтгэх захирал, партнер Ричард Тейхманн, “Мирвак” группийн гүйцэтгэх захирал, “Рио Тинто”-гийн ТУЗ-ын гишүүн Сюзан Ллойд-Хурвиц, “CFHEC Интернэшнл” компанийн ерөнхий захирал Жоу Юншэн нар оролцсон юм.

2021 онд баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хот санхүү, төсвийн хувьд бие даах, шинэ хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд шаардлагатай суурь эрх зүйн боломж, чадамжийг нээж өгсөн. Иймд тус хэлэлцүүлгээр нийслэл Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт татах, гадаад, дотоодын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцэв.

Улаанбаатар хот нь улсын нийгэм эдийн засаг, бизнес, үйлчилгээний гол цөм хэдий ч өнгөрсөн 30 жилийн хугацааны төлөвлөлт, барилгажилт, хотжилтын алдаа, дутагдал нь өнөөдрийн хотын иргэдэд тулгамдаад буй агаар, орчны бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийг үүсгэх суурь нөхцөл болоод байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас үерийн гамшиг нүүрлээд байгаа. Үерийн хэмжээ 1966 оны үерийн түвшинтэй дүйцэхүйц байна. 60 мянга гаруй айл өрх үерт өртөж, олон арван аж ахуй нэгжүүд хохирсон. Дүүрэг бүрд хохирлын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээг тогтоох Ажлын хэсгүүдийг байгуулсан. Орон сууцны хорооллуудад цахилгаан болон цэвэр усны асуудал тун хүндрэлтэй байна.

Иймд баяр наадмаас өмнө эдгээр асуудлыг шийдвэрлэхээр НОК, нийслэлийн төр, захиргааны болон цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Дахин ийм гамшгийн эрсдэлд орохгүйн тулд голын голдирол дотор байшин, барилга барихаас эхлээд газар олголт, хот төлөвлөлтийн асуудлыг зөв төлөвлөж шийдэхгүй бол болохгүй. Үер бол маш том сануулга. Тиймээс мэргэжлийн инженерүүд, гадаад, дотоодын зөвлөх багуудтай хамтран хотын төвөөр урсаж буй Сэлбэ голын далан, ая тухтай орчныг бүрдүүлэх ногоон байгууламжийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ. Мөн Туул гол дагасан хөгжүүлэлтийг ч хийнэ.

Улаанбаатар хотод шинэчлэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон. Тиймээс олон улсын томоохон аж ахуйн нэгжүүд хотын бүтээн байгуулалтад хамтран оролцохоор саналуудаа ирүүлж байна. Тухайлбал, БНХАУ-аас зам гүүр, нийгмийн дэд бүтэц гэх мэтчилэн чухал салбаруудад хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Сэлбэ голыг дагасан үерийн асуудалд уур амьсгалын өөрчлөлт ч нөлөөлсөн. Тиймээс бид ногоон хотыг цогцлоох зорилт тавин ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар анх удаа хот үнэт цаас гаргах боломжтой болсон бөгөөд энэ нь хотын санхүүгийн нэг эх үүсвэр гэсэн үг.

Зөвхөн төсвөөс хараат байх юм бол хотын эдийн засгийг сайжруулж, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэгүүдийг олноор барих боломжгүй. Мөн төсвийн эх үүсвэрийг хотын хөрөнгө оруулалт руу татаж, улсын төсөв рүү оруулдаг байсан санхүүгийн эх үүсвэрүүдийг эргээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг дэмжихэд зориулдаг байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатар хотын Шинэ тойрог зам барих төсөл, Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төслүүдийн уялдаа холбоог хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор шийдвэрлэн, агаарын бохирдол, авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой” хэмээлээ.

Хуралдаанд оролцогчдын зүгээс Улаанбаатарт хот төлөвлөлтийг зөв хийж, нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, голын эко системийг сайжруулах шаардлагатайг дурдаж байлаа. Мөн төсвөөс хараат бус байж, хот өөрийн санхүүгийн эх үүсвэрээ төрөлжүүлж чадвал тулгамдсан олон асуудлаа богино хугацаанд шийдвэрлэх боломжтой болно гэдгийг онцолж байв.