Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр (2023.06.28) Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлд төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт хэсэгт тухайн төсвийн жилд ашиглагдаагүй үлдэгдлийг дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болохоор тусгасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасан байдаг.

Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар зохицуулсан. 2020 онд эрүүл мэндийн салбарын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн цогц шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд 328 сум, тосгоны эрүүл мэндийн төв, 207 өрхийн эрүүл мэндийн төв үзүүлж байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар 303 сум, тосгоны эрүүл мэндийн төв 21.1 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй гарчээ.

Төрийн аудитын тухай хуулийн дагуу төсвийн жилийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд “Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт "Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй" гэж заасан нь дээрх эрүүл мэндийн байгууллагад хамааралгүй байна” гэх үндэслэлээр дансны үлдэгдлийг татан төвлөрүүлэх тухай зөвлөмж өгсөн байна.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүсээд байгаа зөрчлийг арилгах, дансны үлдэгдлийг төвлөрүүлэхтэй холбогдсон зарим зохицуулалтыг боловсронгуй болгох зохицуулалтыг тусгажээ.