2023.03.27

Хөдөө орон нутагт мэргэжлийн эмч дутагдалтай байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Угтаалцайдам суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Мөн Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд одон “Алтангадас” одонгоор шагнагдсан өндөр настан Т.Нурипа, Ш.Арганбай, Майра гуайнд зочлон шагналыг нь гардуулж, Наурызын баярт оролцлоо.

Сумын 12 жилийн сургуульд 505 сурагч суралцдаг ба 51 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан хэдий ч засвар хийх, шинэ сургууль барих төсвийн хөрөнгө байхгүйн улмаас ашигласаар байгаа тухай удирдлага нь хэлж байв. Мөн дотуур байранд 108 хүүхэд суудаг ба хоолны мөнгө хүрэлцээ муу байгаа аж. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сургалтын компьютер, проекторыг сургуульд хүлээлгэн өгч, сургуулийн удирдлага, багш ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Угтаалцайдам сумын цэцэрлэг 200 хүүхэд, 27 багш ажилчид, 4 бүлэгтэйгээр зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг байна. Шинэ цэцэрлэгийн байр баригдсан боловч нэмэлтээр 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээ муу байгаа талаар эрхлэгч нь хэлж байв.

Сумын эмнэлэг эмч ажилчдын дутагдалд орж тэтгэвэрт гарсан хүмүүс нь эргээд ажиллаж байна. Гүйцэтгэлийн санхүүжилт хүрэлцээгүй байгааг хэлж байв. Их эмч нэн тэргүүнд шаардлагатай байгаа юм байна. Ирж ажиллах хүсэлтэй эмч нарт нийгмийн асуудлыг шийдэхэд нь анхаарч санал тавьж байгаа аж.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Намсрайжав эмээгийнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр иргэд: Тэтгэвэрт гарах насыг эргэн харах, тэтгэвэрийн хэмжээ бага байгаа талаар, Утасны сүлжээнд доголдол гарч байгаа ба сүлжээний өргөтгөл хийлгэхэд дэмжлэг хэрэгтэй байгаа талаар, Боловсролын хуульд малчны хүүхдийн сургуулийн насны асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлэх талаар, Эмнэлэгт автомашин дутагдалтай байгаа талаар саналаа хэлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn