Иргэд 50 настай тэтгэвэрт гардаг эрх нээж өгөх хэрэгтэй гэсэн санал гаргаж байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн БаянӨнжүүл сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Баян-Өнжүүл суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.
Баян-Өнжүүл сум нь 2212 мянган хүн амтай. Малын тоо 347 мянга. Сумын сургуульд 193 орчим сурагч суралцдаг. Сургуульд багш, боловсон хүчний хомсдол байгаа хэдий ч сумын багш нар маань сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахаар хичээн ажиллаж байна. Миний бие санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сурагчийн стандарт ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг уулзалтын үеэрээ сургуульд хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж тоног төхөөрөмж, зөөврийн компьютерийг гардуулан өгч эмч ажиллагсдын саналыг сонслоо. Эрүүл мэндийн E-Hospital APP маш муу, гүйцэтгэлийн санхүүжилт сайн хэрэгжихгүй байгаа юм байна. Суманд ажиллах үеэрээ өндөр настан Д.Самбуу, Н.Гончиг, Ш.Мэдээгүй,Ж.Маналжав, П.Сүрэнжав гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.
Уулзалтын үеэр иргэд: мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, төрийн албан хаагчдын цалин болон босоо хэвтээ удирдлагын цалингийн ялгаагүй болгомоор байгаа талаар, цалингийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэйг, 50 настай тэтгэвэрт гардаг эрх нээж өгөх зэрэг санал хэлж байв. Мөн УИХ-ын гишүүдийг суманд авчирч иргэд нь яаж ажиллаж амьдарч байгааг үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгмөөр байна. Тэтгэвэрт гарах нөхцөл нь хүнд хортой нөхцөл ангилалд галч, уурын зуухын ажилчид багтдаггүй. Ажлын онцлог нөхцлийг нь харгалзан үзэх хэрэгтэй байна.
Уяач: Өвлийн морин уралдааныг хорьсон нь маш хүнд байна. Үүний хоригийг цуцалж болох уу… зэрэг асуулт, асуудлыг тавьж байв.
Суманд ажиллах үеэр уулзалтад ирж санал бодлоо илэрхийлсэн Баян-Өнжүүлчүүддээ талархлаа. Та бүхнийхээ санал санаачилгыг УИХ, ЗГ-т уламжилж, төрийн бодлогын нэг хэсэг болгоход хичээнгүйлэн зүтгэх болно.