2023.03.06

Хөдөө орон нутгийн багш, эмч нарын цалин, хангамж хүртээмжгүй байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ-ын Намрын чуулганы завсарлагааны хугацаанд миний бие Төв аймгийнхаа иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийж байна.

Тэрээр, Баянцагаан суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Сумын сургуульд 200 орчим сурагч суралцдаг. Сургуульд багш, боловсон хүчний хомсдол байгаа хэдий ч сумын багш нар маань сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахаар хичээн ажиллаж байна. Миний бие санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сурагчийн стандарт ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг уулзалтын үеэрээ сургуульд хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажиллагсдын саналыг сонслоо. Сумын эмнэлэгт эмч хүрэлцээгүй, цалин хангамж муу тул эмийн санд нь мэргэжлийн лицензтэй эм зүйч ирж ажиллахгүй байгаа талаар ярьж байв. Мөн эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт сайн хэрэгжихгүй байгаа юм байна.

Өнөө жил 101 насыг зооглон буй О.Цэрэндулам эмээ, өндөр настан Даваасүрэн, М.Нялх, Д.Төмөртогоо, С.Нацагням, Буянтогтох гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалийг нь сонслоо.Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр иргэд: Мал эмнэлэгт ажиллах боловсон хүчингүй болж байгааг, малын эрүүл мэндийг анхаарахгүй бол хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхээр болсныг, малын мах борлуулах ханш муу, түүхий эд үнэгүйдэж нөгөө талдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, гурил будаа, бензин шатахууны үнэ ханш нэмэгдэж байгаа нь малчдын бодит орлого амьдралд хүрэлцээ муутай болж байгаа талаар саналаа хэлж байв. Мөн иргэн Нарантуяа тэтгэвэрт гарсан малчдын орлого муу байгаа учраас нэмэлт тэтгэвэрийн асуудлыг судалж энэ тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Уулзалтын үеэр “Баянцагаан хонь”-ийг Баянцагаан үүлдэрээр батлуулах ажлыг эрчимжүүлэхийг хүсч байлаа.

Мөн Сэргэлэн сумын иргэдтэй уулзан, Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо. Сумын эмнэлэг 8 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техник 2022 онд шинэчлэгдэн иргэдэд үйлчлэхэд саадгүй болсон. Гэвч санхүүжилт хүрэлцээ муу, эмч ажилчдын цалин хангамж тааруу хэвээр байна. Эмнэлэгтээ өргөтгөл барьж хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар Эмнэлгийн удирдлага ярьж байв.

Сумын сургуульд 184 хүүхэд сурч, 23 багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн ширээ сандал, сургалтын проектор, боловсон 00 зэрэг сангийн асуудлууд шийдэгдсэн. Харин одоо ажиллах багш, боловсон хүчний асуудал, сурагчдын үдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөний хүрэлцээ муу байна. Тухайлбал үдийн хоолонд 1500, дотуур байрны хүүхдийн хоолонд 4000 төгрөг төсөвлөгддөг. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн энэ үед сурагчдад шим тэжээлтэй хоол хүнс өгөхөд хүндрэлтэй байгаа аж.
Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэдий ч мөн л ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Цэцэрлэгийн багш нарын цалин тодорхой хувиар нэмэгдсэн ч нягтлан, үйлчлэгч нарын цалин нэмэгдээгүй ба үйлчлэгч 565 мянган төгрөгийн цалин авч байна. Мөн үнийн өсөлттэй энэ үед хүүхдийн хоолны мөнгө /2475 төг/ хүрэлцээ муу байгаа талаар ярьж байв.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Х.Эрдэнээ, Байгаль, Цэвэлмаа, М.Ядамсүрэн, Сүрэн, Жавзаа, Баярсайхан гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалийг нь сонслоо. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр иргэд: Тэтгэвэр нэмэх, зөрүүг арилгах, цалин хамгамжийг нэмэгдүүлэх ялангуяа босоо удирдлагатай салбарын цалинг нэмэгдүүлэх, ТҮ салбарт ажиллаж байгаа иргэдийн цалинг нэмэх хэрэгтэй байгааг хэлж байв. Мөн мэргэжлийн салбарт ажиллах хүчин хомсдолтой байгааг, тухайлбал сургуулийн нэг багш 3 өөр хичээл зааж байна хэмээн шүүмж хэлж байсан юм. Мал аж ахуйн салбарт мал эмнэлэг, малын эмчийн асуудлыг бодлогоор зохицуулалт хийх цаг ирснийг малчид, иргэд маань хэлж байв. Уулзалтын үеэр сумын иргэд засаг дарга Л.Төмөрчөдөр түүний баг хамт олон сумын хөгжлийн төлөө санаачлага гарган маш сайн ажиллаж байгааг хэлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn