2022.06.07

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлснээр улсын төсвийн орлого нэмэгдэнэ

Далайд гарцгүй манай улс “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, НҮБ-ын “Их далайн тухай” 1958 оны конвенц, “Олон улсын далайн байгууллагын тухай” 1948 оны конвенц, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенцод нэгдэж, 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүнээр элссэн байна.

Улмаар 1999 онд Далай ашиглах тухай хуулийг баталсан. Үүнээс хойш 2007 онд нэг удаа өөрчлөлт оруулж, 2019 онд нэр бүхий гишүүд тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж байсан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.

Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитаар Монгол Улс далайн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцэд заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулсан юм.

Далай ашиглах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл нар ажиллалаа.

УИХ-ын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Олон улсын конвенцэд далайд гарцгүй оронд маш их боломжийг олгосон байдаг. Энэ боломжуудыг монголчууд хэрхэн ашиглах вэ.

Умард Ирланд- Их Британи Улсын Далайн захиргаа, Эргийн хамгаалалтын агентлаг, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үнэлгээ хийж, санал боловсруулаад /2022.03.01/-нд Далайн захиргаанд 38 хуудас бүхий үнэлгээг өгсөн байна. Энэхүү саналуудаас тусгасан уу?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Далайн тухай хуулийн өөрчлөлт үндсэн хуульд нийцэж байгаа юу.

Манай улс далайд өөрийн улсын далбааг ашиглуулж жилд 2 тэрбум төгрөг олдог. Далайн захиргаа үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан норматив хэмжээнээс өөртөө үлдээж, захиран зарцуулж, үлдэх эсэхийг ногдол ашиг хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэх нь Үндсэн хуультай нийцэхгүй байна.

Хуулийн төсөл батлагдсанаар

  • Далайн тээвэр хийх, далай ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэж, зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, улмаар холбогдох төрийн, төрийн бус болон мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайжирна.
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний далайчдыг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсын хөлөг онгоцыг түрээслэх замаар далайн тээврийн үйл ажиллагааны зохих дадал туршлагатай болж, улмаар өөрийн хөлөг онгоцоор далайн тээврийн үйл ажиллагаанд бие даан оролцох боломж бүрдэхээс гадна Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлснээр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
  • Далайг бохирдуулсан, хөлөг онгоцны бүртгэл, техникийн хяналтын үйл ажиллагааны дүрэм, журам, стандартыг зөрчсөн, далайчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон Олон улсын гэрээ, конвенцийн шаардлагыг биелүүлээгүй, Далай ашиглах тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэнэ.
  • Далайн тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын үйл ажиллагааны далайн салбарын чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага нь Далай ашиглах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам боловсруулах, олон улсын эрх бүхий байгууллагууд болон гадаад орнуудтай гэрээ, хэлэлцээр хийх бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой аж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn