Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа
2019.10.17

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

УИХ-аас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитаар Монгол Улс далайн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцэд заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хуульд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах, олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт байхгүй, хуулийг практикт хэрэглэх боломж бололцоо сул, цаг үеэсээ хоцорсон байна.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулахаас гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын зөвлөмжийн дагуу шинээр 53 зүйл, 200 орчим хэсэг, 60 гаруй заалт нэмжээ.