Сэлэнгэ аймгаас гурван сайхан буурай Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг хүртлээ
2022.02.07

Сэлэнгэ аймгаас гурван сайхан буурай Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг хүртлээ

"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам Цагааннуур сумын өндөр настан Гэндэнжавын Долгоржав гуайн гэрт зочилж хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр настан буурлын амар мэндийг эрэн золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулан өгсөн юм. Г.Долгоржав гуай энэ жил 100 насыг зооглож буй буянтай буурай юм. Настан буурай маань Булган аймгийн Хангал сумын уугуул бөгөөд хоёр хүүхэд төрүүлж өсгөжээ. 1976 онд Цагааннуур суманд шилжин ирж, эндээ насаараа мал маллаж, сүү цагаан идээгээ боловсруулан ахуй амьдралдаа хэрэглэж, үр хүүхдүүдтэйгээ өнөр өтгөн амьдарч байгаа ажээ. Тэрээр одоогоор насны аясаар хараа, сонсгол бага зэрэг муудсанаас бусдаар ухаан саруул, бие хөнгөн, элдэв биеийн зовиургүй эрүүл энх, үр хүүхдээ тойруулан сайхан байнаа хэмээн хуучиллаа. Насны буянаа эзлэн суугаа Г.Долгоржав гуай төрийн тэргүүнээсээ бэлэг гардан авч байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд ардын дуугаар мэндчилсэн юм.

Сэлэнгэ аймгийн тухайд Цагааннуур, Зүүнбүрэн, Сайхан суманд амьдарч байгаа гурван сайхан буурай 100 насны сүүдэр зооглож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ийн гарын бэлэг гардан авсан юм.