2021.10.05

Ж.Эрдэнэбат: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил удаашрах тусам манай улсын өр нэмэгдэнэ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: 

Гишүүдийн асуулт, ажлын хэсгийнхний хариултыг сонсоод манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих эсэх нь эргэлзээтэй байгаа гэж ойлголоо. Ажлын хэсгийн ахлагч яг хэзээ газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох вэ гэдэгт хариулж чадахгүй сууж байна. 

Тогтоолын төслийн 2, 3, 4 дэх заалт хэрэггүй байсан болов уу. Төсөл хэрэгжиж эхлэх, дуусах хугацааг тогтсон байсан биз дээ? Тодорхой хугацаа алга. 

Нэгдүгээрт: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал бол олон улсын гэрээ. Үүн дээр хөндлөнгийн аудит оруулж, хяналтын байгууллагаар шалгуулаад явбал асуудалгүй санагдаж байна.  

Хоёрдугаарт: Төрийн албан тушаалыг хариуцлагатай хашиж, хэлж ярьж байгаа үгээ цэгнэмээр байна. 

НЭГ КОМПАНИ ТЕНДЕРТ ШАЛГАРАН АЖИЛ АВААД ЭХЛҮҮЛДЭГ. АВСАН АЖЛАА ХУГАЦААНД НЬ ДУУСГАДАГГҮЙ. ЭНЭ ХУГАЦААНДАА ТӨСӨВТ ӨРТГӨӨ НЭМЭГДҮҮЛДЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ АРАЙ ИНГЭЖ ЯВАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ГАЗРЫН ТОС боловсруулах ҮЙЛДВЭР БАРИХ АЖИЛ УДААШРАХ ТУСАМ МАНАЙ УЛСЫН ӨР ЦАГ, МИНУТ ТУТАМД НЭМЭГДСЭЭР БАЙХ БОЛНО. 

Хөгжлийн банкны арилжааны 12 хувийн зээл авч, Монгол талаас гүйцэтгэх ажлаа хийж байна гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй үйлдвэрт хөрөнгө оруулах нь улс орныг алдангид оруулах эх үүсвэр болчихоод байна. Тийм учраас бид эхний ээлжинд зээлээ эргэж төлөх үйлдвэрээ хэр хугацаанд барьж, ашиглалтад оруулах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнд тулгуурлан эдийн засгийн үр ашгаа тооцох нь зүйтэй. 

Тэгэхээр Монгол Улс хэзээ нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ мэдэхгүй байж, өөрсдийн хариуцах хэсэг дээр маш өндөр хүүтэй зээл авч, бүтээн байгуулалтаа эхэлсэн. Зээлээ хэзээ, хэрхэн төлөх вэ? Тэр болтол хэдий хэмжээний алдагдал хүлээх вэ?