Киночид бие даасан хуультай болно
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
2021.01.21

Киночид бие даасан хуультай болно

Монголын кино урлаг 85 жилийн түүхтэй ч энэ хугацаанд биеэ даасан хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Манай улсад кино урлагийн салбарын хууль, эрх зүйн зохицуулалт нь Төрөөс соёл, урлагийн талаар баримтлах бодлого болон Соёлын тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байна.

Хэдий тийм ч өнөөгийн нийгмийн хурдацтай хөгжлийг даган өөрчлөгдөж буй орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцэхгүй байгаас гадна энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалт болж чадахгүй байна. Харин “Кино урлагийг дэмжих тухай” хууль батлагдвал энэ салбарыг тойрсон олон асуудлыг шийдэх эрхзүйн орчныг бүрдүүлэхээс гадна киночид анх удаа өөрийн гэсэн бие даасан хуультай болох юм.

Монгол Улсын Засгийн газар буюу тухайн үеийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ойрын өдрүүдэд хуулийн төслийг УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Уг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ахлан ажиллаж байгаа бөгөөд 20 гаруй жил Хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа телевизийн салбарт ажиллаж, 18 мянга гаруй тал бүрийн салбарын хүмүүстэй ярилцлага өрнүүлсэн туршлагатай сэтгүүлч билээ.

Тэрээр Монгол киноны түүх, хөгжлийн үе шат, ололт амжилт, шийдэл гарцын талаарх асуудлаар холбогдох хүмүүстэй нь олонтаа ярилцаж, асуудал дэвшүүлж байсан. Өсвөр насандаа "Агшин" киноны гол дүрийг бүтээж амжсан Б.Жаргалмаа гишүүн урлагийн салбарт ээлтэй, дуртай учраас энэ салбарын хөгжилд санаа тавьж ажилладаг нэгэн.

Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор боловсруулсан "Кино урлагийг дэмжих тухай" хуулийн төсөлд дараах ач холбогдлыг нарийвчлан тусгажээ.

  • Төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх, үүргийг шинээр тодорхойлох
  • Кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Үндэсний соёл, өвөрмөц онцлог, өв уламжлалыг эерэгээр харуулсан, монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих,
  • Кино урлагаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах;
  • Монгол киноны чанарыг сайжруулах, орчин үеийн техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх,
  • Уран бүтээлчдийг олон улсын чиг хандлага, арга барилд суралцах, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх болон кино урлаг өндөр хөгжсөн орны сургалт, арга барил, сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, нутагшуулах, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зэрэг олон зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

Чансаатай сайн бүтээл хийхэд уран бүтээлчдийн өмнө тулгардаг том асуудал бол санхүү. Энэ асуудлыг төр засгаас дэмжиж, шийдээд өгч чадвал манайхан олон улсад өрсөлдөхүйц бүтээл хийж чадахаа баталсаар байгаа.Тодруулбал:

Нохойн орон киноны хэсэг

Д.Төрмөх, П.Бросенс нарын найруулсан 1998 оны “Нохойн орон” баримтат кино Венец болон Торонтогийн кино наадамд өрсөлдөж, Швейцарийн Visions du Réel хэмээх нэр хүндтэй баримтат кино наадмын дээд шагналыг хүртэж байсан.

Д.Бямбасүрэнгийн 2003 онд хийсэн “Ингэн нулимс” баримтат кино Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байсан. 21 мянган долларын бага өртгөөр бүтсэн энэ кино олон улсын зах зээлээс 1.7 сая долларын ашиг олжээ.

2013 онд С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино Бусаны кино наадмын гол өрсөлдөөнт хэсэг “Шинэ давалгаа” төрөлд дээд шагналыг нь авсан.

Энэ бүтээлүүд арилжааны зорилго агуулаагүй, урлагийн бүтээл. Тиймдээ ч гадны кино урлагийг дэмжих сангуудаас тодорхой мөнгөн тусламж авч бүтсэн төдийгүй дээрх амжилтыг гаргаж чадсан юм.

"Кино урлагийг дэмжих тухай" хуулийн төсөлд Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байна. Энэ нь уран бүтээлчдийг дэмжиж байгаа бодит дэмжлэг болно.

Монгол орноо сурталчилсан дэлхийд үнэлэгдэх сайн бүтээлүүд улам олон болоход дээрх хуулийн төсөлд иргэдээс ирүүлж байгаа кино урлагийн салбарын хөгжил, шийдлийн талаарх санал чухал байр суурь эзлэх юм.

“Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа Б.Жаргалмаа гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэд олон нийтэд хандаж цахим парламентын боломжийг ашиглан санал, бодлоо нээлттэй илэрхийлж, хуульд саналаа оруулах боломж байгааг зөвлөж байсан.

Хуульд санал өгөх холбоос КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ (parliament.mn)

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn