2021.01.20

Л.Энх-Амгалан: Шийдвэр гаргагч нарт зөв тоо өгч байж улс орноо зөв хөгжүүлж чадна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Томилгоотой холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Статистик гэдэг бол улс орны хөгжлийн луужин. Бодлого зөв байхын тулд төлөвлөлт зөв байх ёстой. Төлөвлөлт зөв байхын тулд тоо зөв байх ёстой. Тийм учраас Статистикийн газраас гарч байгаа бүх тоо зөв байх ёстой. Ингэж байж Монгол Улс зөв төлөвлөлт, хөгжилтэй улс орон болно.

Бид нар сүүлийн 30 жилийн хөгжил дэвшлээ ойлгохоо болиод байгаа. Яг Монгол Улс маань ядуу улс мөн үү гэхээр зарим ангиллаар мөн, зарим ангиллаар биш. Гэтэл нөгөө талдаа Монгол Улс халамжийн улс болсон байна. Үндсэндээ 170 гаруй нэр төрлийн халамжийг 2.8 сая хүн давхацсан тоогоор халамж авч байгаа. Халамжийнх нь тоо нэг өөр, НД, ЭМД-ийн салбарынх тоо нь нэг өөр байна. Төрийн ой санамжууд өөр өөр байгаад байхаар бодлогууд зөв болж чаддаггүй.

Тийм учраас өнөөдөр та ингээд томилогдох байх. 3-5 жилийн ирээдүй ямар байх нь их бүрхэг болж байна. Цар тахал, дэлхийн худалдааны дайнууд, Монголын гадаад, дотоод орчин. Тэгэхээр хуучин гаргаж байсан тоон аргачлалаасаа шинэ шатанд гарах ёстой байгаа. Бүх эрсдэлүүдийг тооцож байх ёстой. Шийдвэр гаргагч нарт зөв тоо өгч байж улс орноо зөв хөгжүүлж чадна. Тийм учраас та бол Монголын хөгжлийн луужин, залуур дээр сууж байгаа хүн шүү. Өмнөх А.Ариунзаяа сайд маш сайн ажилласан. 

Тэгэхээр олзуурхаж байгаа нэг зүйл бол Монголбанк мөнгөний бодлого хийж байсан газрынхаа судалгааны гол тоонууд дээр суудаг ийм боловсролтой залуу юм байна. Монголын нийгэм, эдийн засгийн тооцоолол судалгаанууд дээр мэргэжлийн түвшинд ажиллах хүн албан тушаалд томилогдож байгаад олзуурхаж байна. Хамгийн гол нь очоод бусад орнуудын өөрчлөгдөж байгаа, ойлгомжгүй болж байгаа энэ цаг үе дээр улс орноо яаж удирдах, нийгэм, эдийн засгийн ямар бодлого явуулах вэ гэдэгт зөвөөр залах үүрэг чиглэлийг өгөхийг хүсэж байна.