2021.01.20

О.Цогтгэрэл: Эдийн засаг 7.3 хувиар уначихаад байхад яагаад ажилгүйдэл буураад 7 хувьтай байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Томилгоотой холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Б.Батдаваа нэр дэвшигч Монголбанкны статистикийн газрын даргаар ажиллаж байсан яг энэ салбарын хүн байна.  Статистикээс гарч байгаа зарим тоонуудаас асуулт асууя. 

2020 оны сүүлийн байдлаар эдийн засаг 7.3 хувиар уначихаад байгаа юм. Статистикаас гарч байгаа мэдээнүүдэд эдийн засаг 7.3 хувиар уначихаад байхад ажилгүйдэл буураад 7 хувьтай, 9 орчим хувиар буурсан. 2020 онд ажилгүйдэл буурсан. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа иргэдийн тоо буурчихсан. Ийм тоо гараад байна. Та энэ дээр ямар дүгнэлттэй байна. Монголбанкны статистик гэдэг чинь энэ тоонуудыг бүгдийг харж байгаа байх. Эдийн засаг уначихаар ажилгүйдэл өсмөөр юм. Гэтэл статистикийн тоогоор бол ажилгүйдэл буурчихсан, НДШ өсчихсөн. Ийм зөрчилтэй тоонууд гараад байна. Энэ бодитой тоо юу, аль эсвэл арга зүйн алдаа байгаад байна уу, эсвэл бид буруу ойлгоод байна уу? Энэ тооноос харахад яг ингээд зургаан сар явахад ажилгүйдэл илүү буурахаар харагдаж байна. Энэ тооны зөрчлийг тайлбарлаж өгнө үү?

Түүний асуултанд нэр Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшигч Б.Батдаваа хариуллаа.

ҮСХ-оос гаргасан ажилгүйдэлийн тоо 7.3 хувьтай байгаа. Ойролцоогоор 92.000 орчим ажилгүй иргэд байна. Бүргэлтэй ажилгүй иргэдийн тоо 18000 байна. Аргачлалын хувьд идэвхтэй ажил хайж байгаа хүн, Хөдөлмөр эрхлэлтийн газар бүртгүүлсэн хүмүүсийг бүртгээд яваад байдаг.  Нийт эдийн засгийн утгаар харж үзвэл ажиллах хүчний оролцоог авч үзэх ёстой. Монгол Улсын ажиллах хүчний хувьд 59 хувьтай явж байгаа. Дэлхийн дундаж 60 гаруй хувьтай байдаг.

Тэгэхээр ажиллах хүчний оролцоо хөдөлмөрийн чадвартай ажиллах хүчинд оролцоогүй 800.000 гаруй иргэн байгаа. Энэ хоёрын зөрүүгээр үзүүлэлтүүдийг харах ёстой. Бүртгэлтэй иргэдийн тоо яагаад буураад байна гэхээр идэвхтэй ажил хайж байгаа хүн Хөдөлмөр халамжийн байгууллагад бүртгүүлсэн тоо тийм байгаад байгаа. Тэрний цаана ажил хайж явахгүй байгаа хүмүүс хасагдаад явдаг. Энэ бол аргачлалын асуудал байгаа юм. Тийм учраас ажиллах хүчний оролцоог давхар харж явах ёстой юм.