2020.11.06

О.Цогтгэрэл: Бодит эдийн засгийн үр ашиг гэдэг систем рүү яаж орох вэ?

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Аливаа том ажлын ард үр дүнгийн хэмжүүр байдаг. Үр нөлөөний ба үр ашгийн хэмжүүр гэж байна. Үр ашиг гэдэг үзүүлэлт дээр асуулт байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд богино хугацаанд тодорхой шийдлүүдийг хийсэн байх. Нүүрсээ үнэгүй авдаг. Тээврийг нь Нийслэлээс хариуцдаг. Татаас өгдөг. НӨАТ-ыг нь чөлөөлсөн. 100 хувь төрийн өмчит компани үүнийг хийдэг гээд үр ашиг, эдийн засгийн хувьд асар хаалттай систем цаана нь яваад байна. Яг бодит байдал дээр цаана нь юу болж байгаа вэ? Цаанадаж татвар төлөгчдийн мөнгө асар ихээр урсаж байгаа. Эдийн засаг, үр ашиг талаасаа их хэцүү зүйл байгаа байх. Ирэх жил хүртэл энэ систем ингээд яваад байх уу? Бодит эдийн засгийн үр ашиг гэдэг систем рүү яаж орох вэ? 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Үр нөлөөллийн хувьд  маш олон хүний эрүүл мэндтэй холбоотой. Засгийн газраас түүхий нүүрс түлүүлэхгүй болсон нь гол чухал арга хэмжээ болсон. 220.000 мянган айлыг яаж дулаан өвөлжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ хүрээнд Тавантолгой компаний дэргэд Таван толгой түлш компани байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Бид нар хүчээр аваагүй. Аж ахуй нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд угаасан нүүрсийг энэ үйлдвэрт өгч байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаанд эдийн засгийн тооцоо мэдээлэл нь ил байгаа учраас авч харж болно. Ашиг орлого гэхээс илүү нийгмийн хариуцлагын хүрээнд ард түмний эрүүл мэнд, орчны аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд энэ ажил явж байна.