2020.10.02

Л.Энх-Амгалан: Бэлчээрийн зохицуулалтаа яаралтай хийхгүй бол бэлчээрийн дайн эхлэх гэж байна шүү

УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Асуудлыг томоор харж, шийдэл гаргахгүй бол өвөл бүр л нэг асуудлыг ингээд яриад сууж болохгүй байна. 

Нэгдүгээрт. Мах экспортын асуудлыг тогтолцооных нь хувьд бодлогын алдааг засъя. Мал нядалгаанаас эхлээд тээвэрлэлт, хадгалалтын асуудлууд гээд нилээн цогцоор нь харах хэрэгтэй юм байна лээ. Өнөөдөр 90 мянган тонн мах бэлдэнэ гээд өнөөдөр санхүүжилт нь  хүртэл тодорхойгүй байна. Монголд бол боломж байна. Өглөө Мөнгөний бодлогыг ярих үед маш их боломж байна гэдэг нь харагдаж байна. 

Хоёрдугаарт, Махны үйлдвэрийн стандартын асуудал байна. Орон нутагт ажиллаж байгаа махны үйлдвэрүүд зөвхөн  махыг нь голж, шилж авдаг байдалтай байна. Дайвар бүтээгдэхүүний ямар ч боловсруулалт байхгүй. Бараг хаяж байна. Тэгэхээр орон нутагт үйлдвэрийн зөвшөөрөл өгөхдөө үйлдвэрийг цогцоор нь хийх шаардлага тавих ёстой шүү. Ингэж байж л малчдын мал, малын гаралтай түүхий эд үнэд орох боломжтой болно. Бид маш их боломж алдаж байгаа шүү. 

Гуравдугаарт, Мал эмнэлгийн асуудал хүнд байна. Та явж үзээрэй. Яг хөдөө орон нутагт малчид мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал сэтгэл дундуур байна. 

Дөрөвдүгээрт, Бэлчээрийн зохицуулалтаа яаралтай хийхгүй бол цаана чинь бэлчээрийн дайн гэдэг юм чинь эхлэх гэж байна  ш дээ. Үүний нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна. 

Эцэст нь, ХНХ-ын сайдад хандаж хэлэхэд, Малчдын эрүүл мэнд, НДШ-ийн асуудал  байгаа. Бид малчдын насыг 5 жилээр наашлуулсан, ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хууль чинь энэ оны  12 сарын 31-ээр дуусаж байгаа. Үүний хугацааг сунгах асуудлыг оруулж ирээрэй. 

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд  сайд З.Мэндсайхан хариулт өглөө.