Туульч А.Балдандоржид Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч шагналыг гардууллаа
2020.02.18

Туульч А.Балдандоржид Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч шагналыг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  туульч Авирмэдийн Балдандоржид Соёлын биет бус өвийн 2019 оны Шилдэг өвлөн уламжлагчийн батламж, дагалдах 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу нийслэл болон 21 аймгийн нийт өвлөн уламжлагчдын дунд шалгаруулалт явуулж туульч А.Балдандоржийг ийнхүү шилдэгээр тодруулжээ.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн анхаарч, түүний соён гэгээрүүлэх үүргийг нэмэгдүүлэх хүрээнд өв соёл, үүх түүхээ хойч үедээ уламжлан үлдээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй уран бүтээлчдийг урамшуулж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч А.Балдандоржид уран бүтээлийн амжилт ерөөж, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үйлсээ улам илүү чамбайруулан үргэлжүүлэхийг хүслээ.

А.Балдандорж нь Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү бөгөөд ааваасаа тууль хайлах өнгө аяс, айзам хэмнэл, хөг аялгууг өвлөн авчээ. Алтайн магтаал,  Урианхайн туульс зэрэг үнэлж баршгүй Соёлын биет бус өвийг үе уламжлан түгээн дэлгэрүүлж буй удам дамжсан туульч юм. Мөн Засгийн газраас Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан шилдгийн шилдэг 102 өвлөн уламжлагчийг тодруулсан “Үндэсний жагсаалт”-д багтсан байдаг аж.  

Монгол Улс монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг “Монгол тууль”-аа 2009 онд “ЮНЕСКО”-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Цаашид жил бүр Соёлын биет бус өвийн оны шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнаж байх юм.