Д.Сумъяабазар: Олборлохоос боловсруулах чиглэлд хамтран ажиллахыг эрэлхийлж байна
2019.08.22

Д.Сумъяабазар: Олборлохоос боловсруулах чиглэлд хамтран ажиллахыг эрэлхийлж байна

Монгол Улсад Азийн төлөөх Боао форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын бага хурлыг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох тус форумын санаачлагч орнуудын нэг юм.

Улаанбаатарын бага хурлын нээлтийн үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар үг хэлсэн юм. Тэрбээр "Энэ жил манай улсын олборлох салбарын хувьд олон чухал үйл явдлууд тохиож байгаагийн нэг нь та бүхэнтэй ингээд хуран цуглаж, бүс нутгийн ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө хэлэлцэж байгаа явдал юм" хэмээв.

Сайд Д.Сумъяабазар мөн хэлсэн үгэндээ "Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд Олборлох салбар буюу геологи хайгуул, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын онцлог нь бүс нутгийн хамтын ажиллагаа байдаг гэдгийг энд онцлохыг хүсэж байна. Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд суурилан Нэг Бүс ба нэг зам санаачлагын дэмжин, Эдийн засгийн коридор, бүс нутгийн хүнд үйлдвэрлэлийн бодлого, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг бидэнд бүх талын төгс хамтын ажиллагаанд суурилан хөгжих учиртай.

 

Боао форум Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан түүхий эдийн арвин нөөц бүхий Монгол Улс нь Ази тивийн бусад улс оронтой нягт хамтран, геологи хайгуул болон олборлохоос боловсруулах чиглэлд хамтран ажиллахыг эрэлхийлэн ажиллаж байна" гэв.

Түүнчлэн бага хурлын нээлтийн ажиллагааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун зэрэг албаны хүмүүс үг хэлсэн юм.

Улаанбаатар бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдсан Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болсон юм.