Шинэ оны өглөө 75 хүүхэд мэндлэв
2019.01.02

Шинэ оны өглөө 75 хүүхэд мэндлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны анхны өдөр улсын хэмжээнд 75 хүүхэд мэндлээд байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагийн байдлаар дээрх тооны хүүхэд төржээ. Шинэ оны зааг дээр төрсөн эхчүүдэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гарын бэлэг гардуулан эх, хүүхдүүдийг эрүүл саруул өсч торнихыг ерөөв. 

Шинэ жилийн баярын өдрүүдэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд 24 цагаар үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн эмч нар хуваарийн дагуу жижүүрлэж байна. Мөн ЭМЯ-ны 323-002 дугаарын утас 24 цаг ажиллаж, санал хүсэлт хүлээн авч байгаа юм.

Яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Учир нь шинэ оны өмнөх өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахимаар холбогдож, баярын үеэр эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.