Ж.Чинбүрэн: Хайртай хүнээ аврахаар иргэний эр зориг гаргаж эд, эрхтнээ шилжүүлэх энэ эмзэг бөгөөд маргаантай асуудлуудад эрх зүйн зохицуулалт хийхийг зорилоо
Эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд маш хурдацтай хөгжиж байна. Анагаах ухааны гайхамшигтай үр дүнгүүд иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох, амьдруулах зэргээр хүсэл мөрөөдлийг нь биелүүлдэг болжээ.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ Монголд
Манай улс анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд элэг шилжүүлэн суулгах баг, 2014 онд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг, 2018 онд элэг шилжүүлэн суулгах баг тус тус байгуулагдаж шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Анагаах ухааны асар хурдтай хөгжихийн хэрээр тухайн үйл явцыг албажуулан зохицуулах үйл явц өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.
Мөн монголын нийгмийг цочроосон, олон нийтийн дунд талцал үүсгэсэн П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал нь уг хууль зайлшгүй хэрэгтэй байгааг сануулсан юм. Түүнийг хүний биеэс зөвшөөрөгдсөнөөс бусад эд эрхтэнг тоносон хэрэгт холбогдуулж ял эдлүүлээд буй. Мөн нийгмийн шимтгэл төлдөггүй иргэн тухайн эмчийн эсрэг асуудал үүсгэсэн юм. УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн уг хэргийг Зөвшөөрлийн хуудсанд дутуу бүртгэл хийсэн, ажил зохион байгуулж буй 80 гаруй ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээсэн гэж тодотгоод үүнтэй холбоотой харилцаа, тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд тодорхой бөгөөд боловсронгуй болгох шаардлагатай болсон.
Түүнчлэн Эрүүл мэндийн тусгай сангаас эмч нарыг багаар нь сургах зардлыг 5 тэрбум байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлсэн ч эд, эрхтэн шилжүүлэн суулгах багаж төхөөрөмжийн асуудал тулгарч байгаа аж.
Тиймээс Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг санаачилж, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын гишүүдийн хамт боловсруулсныг өнөөдөр /2025.05.22/ УИХ-аар хэлэлцүүлж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар
- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ.
- Нийгмийн даатгал төлдөг, эс төлдөг эсэхийг үл хамааран тайтгаралын зардал өгөхөөр тусгасан. Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн олгох тэтгэмж бол оршуулгын зардлын хэмжээг тооцсон мөнгөн дүн юм.
- Мөн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэдэгдэхүйц багасаж, гадагшаа урсах мөнгөний урсгал буурна.
- Түүнээс гадна эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болон хөгжинө.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг шинээр байгyулах нэн шаардлагатай гэж үзээд тус байгууллагын хүний нөөц, урсгал зардалд нийт 1,9 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.
Хэлэлцүүлгийн үеэр амьд донор, амьгүй донортой холбоотой асуудлыг хөндсөн гишүүдийн асуултад Ж.Чинбүрэн гишүүн
"Амьд донорын аюулгүй байдал хамгийн чухал асуудал. Бид энэ талаар судалсан. Гэхдээ аль болох амьд донороос эрхтэн шилжүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Манайд амьгүй донор олдохгүй учраас хайртай дотны хүнийнхээ амь насыг аврах гэж иргэний эр зориг гаргаж эд, эрхтэнээ шилжүүлэн өгч байна. Мэргэжилтнүүд донор болох хүнд сэтгэл зүйн тестүүдийг хийх, донор болох гэрээслэл үлдээх зэрэг маргаантай асуудлуудад эрх зүйн зохицуулалт хийхийг зорьсон" хэмээн хариулав.

Сэтгүүлч