Баянзүрх дүүргийн 102 дугаар дунд сургуульд уурын зуухны утааг цэвэршүүлэх технологийг туршиж байна
Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар захирамжаар Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ахалж байна. Энэхүү ажлын хэсгийнхэн агаарын бохирдлын эсрэг өөрсдийн аргаар тэмцэж буй гэр хорооллын айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нэвтрүүлсэн шинэ технологиудтай газар дээр нь очиж танилцаж, цаашид агаарын бохирдлыг бууруулахад ямар шийдэл хэрэгтэйг судлан ажиллаж байгаа.
Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон албаны бусад хүмүүс өнөөдөр (2018.12.04) нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102 дугаар дунд сургууль дээр ажиллалаа.
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102 дугаар дунд сургууль нь уурын зуухаар халаалтаа авдаг бөгөөд утаа ихтэй бүсэд байрладаг юм. Иймд өнгөрөгч 8 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Шанхай хотноо үйл ажиллагаа явуулдаг АНУ, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Демистра” ХХК-ийн уурын зуухны утааг цэвэршүүлж шүүдэг, цахилгаанаар ажилладаг төхөөрөмжийг суурилуулан туршиж эхэлжээ. Уг төхөөрөмжийг турших ажлыг Монгол, Солонгосын хамтарсан “Монкутроамин” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Уурын зуухнаас гарч буй хүхэр, азот, нүүрстөрөгч зэрэг хийг 95 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай энэ төхөөрөмжийг БНХАУ-д өргөн хэрэглэдэг. Утааг химийн уусмалтай урвалд оруулснаар цэвэршүүлж, чийглэг уур болгон агаарт дэгдээдэг. Энэ технологи манайх шиг хаврын цагийн хувьсамтгай уурамьcгалтай оронд тохиромжтой. Төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг Усны бохирдлын Үндэсний хорооны Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Төмөрчулуун танилцууллаа.
Туршилт амжилттай болвол нийслэлийн 3000 орчим уурын зуух болон хөдөө, орон нутгийн уурын зуухнуудад суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар Эрчим хүчний яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Усны бохирдлын Үндэсний хороо болон бусад байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулж, уг төхөөрөмж нь техникийн хувьд Монгол Улсын стандарт, нормыг хангаж байгаа эсэх, агаарын чанарын үзүүлэлт зэргийг шалгаж, дүгнэлт гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.