Ш.Лхамсүрэн, Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөлөв
2018.11.21

Ш.Лхамсүрэн, Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.

-Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөлөв.

-  Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2009 онд батлагдсан хуулийн дагуу Засгийн газар таван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон боловч ажил нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна.

-  2018-2019 оны өвөл, хаврыг өнтэй давахын тулд аймаг, сум, дүүрэг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө энэ сард багтаан нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгов. Өвөлжилт хүндрэх магадлалтай нутагт отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлаа хангах, явуулын үзлэг хийх, хүн, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгав.

-  Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулахад шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргахаар болов. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1083 нь эрэгтэй, 276 нь эмэгтэй юм.

-  “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Манай улсын 7814 иргэн БНЧУ-д албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байна. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.