О.Баасанхүү: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кноп дарна
2018.11.20

О.Баасанхүү: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кноп дарна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан. МАН-ын нэр бүхий 27 гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурсан бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг тэднийг дэмжихээ буюу Засгийн газрыг огцруулахыг дэмжихээ илэрхийлээд буй. Тэгэхээр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй гишүүдийн тоо 36 болж байгаа юм. Үүн дээр МАХН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч тогтоолын төслийг дэмжихээ илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямар шалтгаанаар дэмжиж буй хийгээд бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьчихлаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнөөдөр л тогтоолын төслийг харлаа. Судлах юм байна. Тал талаас нь үзэж, нотолгоонуудыг нь харна. Тогтоолын төсөл өргөн барихаас өмнө би байр сууриа илэрхийлж байсан. Я.Содбаатарыг сайдаар томилоход нь “Та даараад байгаа юм уу” давхар дээлтэй байж болохгүй гэж хэлсэн. Үүний төлөө өрөөндөө намайг дуудаж “Асуумаар зүйл байвал манай өрөөнд орж ирээрэй” гэсэн. Би энэ хүнийг ЖДҮ рүү орно гэдгийг хэлж байсан. Яг л миний хэлснээр боллоо.

Н.Цэрэнбат, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Б.Сарангэрэл гээд энэ хүмүүсийг цэвэрлэ л дээ. Сэлмээ эргүүлээд л цэвэрлэх ёстой байтал энэ хүмүүстэйгээ зууралдаад эцэст нь ийм юм болж байна

Мөн Н.Цэрэнбат байна. “Хотгор шанага”-ын ордтой холбоотой энэ нөхрийг огцруулъя гэж Ерөнхийлөгч маань ярьж байсан шүү дээ. Ер нь Засаг унагаахыг Ерөнхийлөгч зуун хувь дэмжих байх. Яагаад гэхээр хуулиар нэг сайдад хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Ерөнхий сайд өөрийнхөө хүмүүсийг огцруулахгүй болохоор кабинетаараа огцрохоос өөр арга байхгүй.

Н.Цэрэнбат, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Б.Сарангэрэл гээд энэ хүмүүсийг цэвэрлэ л дээ. Сэлмээ эргүүлээд л цэвэрлэх ёстой байтал энэ хүмүүстэйгээ зууралдаад эцэст нь ийм юм болж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцохын тулд л кабинетаар нь огцруулахаар болж байна гэж харж байна.

-Энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх үед та дэмжиж кноп дарна гэж ойлгож болох уу?

-Өөр яах юм бэ. Эсвэл ЖДҮ зөв юм байна, “Хотгор шанага” зөв юм байна гээд бодоод байж байх уу. Би Ерөнхийлөгчийг дэмжиж кноп дарах гээд байгаа юм. Ерөнхийлөгч Засгийн газрыг огцрохын эсрэг байгаа хэр нь Хотгор шанагын Ч.Хүрэлбаатарыг томилох үед хориг тавьж байсан шүү дээ. Тэгэхээр би одоо тэр хоригийг зөвшөөрье. Ерөнхийлөгч ч энэ алхмыг хүссэн.

-Манай Засгийн газрын дундаж “нас” 1.8 сар байна гээд байгаа шүү дээ. Засгийн газрыг огцруулах нь буруу гэх ч хүмүүс байна.

-Засаг огцрох нь буруу. Тэгвэл ЖДҮ-ийн сайдад хариуцлага тооцох ёстой юу үгүй юу. Тэгэхээр тооцох ёстой гээд Ерөнхий сайдад хандсан. Гэтэл хариуцлага тооцохгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хуулийн гарц нь л энэ байна. Анхнаасаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр С.Баярцогтыг энэ хуулийг өргөн барих үед 570 маркийн автомашинаар хахуульдаж энэ заалтыг сугалж авсан юм. О.Баасанхүү шударга хүн учраас хулгайг тэвчиж чадахгүй сайдуудыг огцруулна гээд бичиг бариад байнгын хороогоор хэлэлцүүлж магадгүй гээд гишүүн сайдад хариуцлага тооцож болохгүй болгосон. Тэгэхээр ийм л гарц байна. Асуултыг эргээд л тавья. Тодорхой сайдад хариуцлага тооцох ёстой юм уу үгүй юм уу. Ёстой юм бол хуулийн гарц нь л энэ байна.

Сайдууд нь ЖДҮ-тэйгээ байг, хулгайгаа ч хууль бус зүйлээ ч хийг, У.Хүрэлсүх чинь гоё хүн юм чинь байж байг гэж яриад байгаа юм. Тэр нь зөв юм уу?

Би ЖДҮ-ийн зээл авсан, жинхэнэ хулгайч байсан бол УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурна

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мөн л УИХ-ыг тараах тогтоолын төслийг өчигдөр өөрийн бланк дээрээ үйлдсэн. Та гарын үсэг зурах уу?

-Тангараг өргөсөн УИХ гишүүн. Би ажил хийнэ гэж тангараг өргөсөн. Ажил хиймээргүй байгаа хүмүүс нь гарын үсэг зур л даа. Би ажил хиймээргүй байна, энэ төр засагт чинь ажиллах муухай юм, УИХ-д байх чинь онцгүй юм гэвэл болино л биз. Надад хариуцлага үүрэх шалтгаан алга. Би ЖДҮ-ийн зээл авсан, жинхэнэ хулгайч байсан бол гарын үсэг зурна.

-Ерөнхийлөгч 2019 оны Төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Та хоригийг дэмжиж байна уу.

-Хориг тавьсан заалт дунд хэрэгтэй санаа байна. Жишээлбэл, хөдөө аж ахуйг дэмжиж, тодорхой хөрөнгө оруулалт хийе гэдэг нь зөв. Зураг төсөлгүй зарим нэг барилга дээр хөөсрүүлсэн маягаар тавьсан төсвийг болиулъя гэдэг нь зөв. Дээр нь нүүрсний үнийн хэт өөдрөгөөр харж, өндөр төсөв тавьж байхаар эрсдэлээ хар гэдэг нь бас зөв.

Бүхэлд нь хуулийг хүчингүй болго гэж байгаа. Гэхдээ хоригийг хүлээж авах юм бол цалин өгч чадахгүй. Цаашлаад тэтгэвэр, хүүхдийн мөнгө, төрийн байгууллагын халуун дулаан, цахилгааны мөнгийг төлж, цэрэг армиа санхүүжүүлж, цагдаагийн байгууллагад төсөв тавихгүй гэсэн үг. Тэгэхээр алийг нь сонгох вэ. Энэ нь аятайхан юм байна гээд хуулийг хүчингүй болгох ёстой юм уу. Эсвэл үүнийг хүчин төгөлдөр болгож байгаа төсвийн тодотголоор засах ёстой юм уу.

Талцал үүсгэж байгаа нь Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн чадваргүй байдалтай шууд холбоотой

Хуульд алдаа дутагдал гарвал тодорхой заалтыг нь засаж болдог. Түүнээс биш хуулийг хүчингүй болгочих юм бол ирэх сарын 15-н гэхэд төсвийг татна, нэгдүгээр сарын 10 гэхэд төсөв хуваарилагдана. Тэгээд төсөвгүй болохоор ард түмэн яах вэ. Маргаашаас нь парууд хөлдөнө, төрийн албан хаагчид бүгд зээлийн өрөнд орно. Бүгдээрээ ямар нэг байдлаар хямралд орно. Та нар цалингүй байтугай тоггүй нэг хоног байгаад үз л дээ. Тэгэхээр ийм аймшигтай байдлаар Монгол Улсыг хямрал руу зохиомлоор оруулах алхмыг хийгээд байгаа болохоор би эсэргүүцэж байгаа юм.

Дээрээс нь УИХ-ын гишүүн тойрогтоо найман тэрбум төгрөг гэж байгааг эсэргүүцэж байгаа. Би найман тэрбум төгрөг аваагүй. Хаана байна тэр гишүүний найман тэрбум гэхээр Эрдэнэтээс ч юм уу байгаа янз бүрийн юмнуудаас хайгаад ол гэж байгаа юм.

Хоёрдугаарт төсөвт хориг тавихдаа хуульд үндэслэдэг. Үндсэн хууль болон тодорхой хууль зөрчсөн байвал тэр хууль зөрчсөн заалтад хориг тавьдаг. Тийм учраас би энэ хоригийг хүлээн зөвшөөрч болохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ талд байх ёстой юм уу ахынхаа талд байх ёстой юм уу. Ахынхаа хийж буй улс төрийг дэмжье гээд ард түмнээр тоглохыг зөвшөөрөх ёстой юм уу. Энэ бол буруу, байж болохгүй зүйл.

Төсвийн хориг дээр Ц.Нямдорж үнэн зүйл хэлсэн

-Хоригтой холбоотойгоор аж үйлдвэрлэлийг дэмжих нэрээр Майдар хотоо санхүүжүүлэх гээд байна гэж хардах ч хүмүүс байна.

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Ц.Нямдорж гэдэг хүний байнгын хороон дээр ярьсан зүйлийн ихэнх нь зарчмынх байсан. Би тэр хүнийг их шүүмжилж буруутгадаг, үнэхээр ч хууль хяналтын байгууллага дээр явж байгаа зүйлд алдаатай юм их бий. Гэхдээ төсвийн хориг дээр Ц.Нямдорж үнэн зүйл хэлсэн. Манайд өнөөдөр яг ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгч нь бие даасан хараат бус нам эвслээс ангид байх ёстой байтал тэгэхгүй байна. Тамгын газрын дарга нь би АН-ын хүн гэж бичээд байж болохгүй. Би АН-ын хүн гэчихээр Монгол Улсын тэргүүн, миний аав гэж болохуйц хүн, миний тэргүүн намайг хамгаална гэхэд би яаж итгэх юм бэ. МАН-ын хүн яаж итгэх юм бэ. Ийм байдлаар талцал үүсгэж болохгүй. Энэ бол манай Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн чадваргүй байдалтай шууд холбоотой. Асуудал нь Ерөнхийлөгчтэй бус түүний зөвлөхүүд давуу эрх эдэлж байгаад би харамсаж байна. Онцгой давуу эрх эдэлж байгаа шүү.

-Ярилцсанд баярлалаа.