2018.11.17

Ж.Мөнхбат: Засгийн газар ч огцор, УИХ ч таръя

Өнөөдөр /2018.11.17/ УИХ-ын ээлжит чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал, Ерөнхийлөгчийн хориг, гишүүний асуулгын хариу зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан ч Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдээгүй, салбарын сайдууд чуулганд орж ирээгүй шалтгаанаар чуулган хуралдалгүй, нам жим өнгөрлөө.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы индэр дээрээс Засгийн газар ч огцорч, УИХ ч тарах ёстой хэмээн хатуухан байр суурийг илэрхийлсэн юм.

ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийг хатуухан шүүмжилж байсан Ж.Мөнхбат гишүүний талаар сүүлийн үед 3 тэрбумын байр авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Харин тэрээр: "ЖДҮ-гийн асуудлыг сөхөж ярьж эхэлсэн хүмүүсийн талаар УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө захиалгаар бичүүлж эхэлж байна" хэмээн бухимдсан юм.

Ж.Мөнхбат: "УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад удлаа. ЖДҮ-гийн хэрэг гаргаж ирээд баахан юм боллоо. Албан тушаалтнуудад хариуцлага тооц гэж яриад удаж байна. Уралдаж уучлалт гуйгч нар, уралдаж зээлээ төлөгч нар төрлөө. Одоо эргээд энэ асуудлыг шүүмжилснийхээ төлөө над мэтийн хүмүүсийг хэвлэлээр намнадаг болж  байна. УИХ, Засгийн газрын гишүүд өөрдсөө захиалга өгч биднийг бичүүлдэг боллоо.

Засгийн газар нь ч огцроод УИХ нь тарах хэрэгтэй.

УИХ-ын тухай хуулийн 31.30-д заасны дагуу УИХ-ын гишүүд өөрсдөө санал санаачилга гаргаад УИХ-ыг тараая. Үнэн мөнийг хэлсний төлөө барина, хорино гэдэг дарамт шахалт хүртэл ирж байна. Тиймээс би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө бланкан дээр УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ. Ирэх даваа гарагт хэвлэлийн бага хурал хийнэ. 

Засгийн газар, УИХ-д хоёуланд нь ард түмэн ташуур өгөх цаг болсон байна. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя"