Ц.Цогзолмаа: Шинжлэх ухааны салбар үлдэгдлийн зарчмаар санхүүжиж, шоовдор байсаар ирлээ
2018.11.21

Ц.Цогзолмаа: Шинжлэх ухааны салбар үлдэгдлийн зарчмаар санхүүжиж, шоовдор байсаар ирлээ

Сэтгүүлч ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

Жил бүрийн арваннэгдүгээр сард шинжлэх ухааны ажилчдын тэмдэглэлт өдрүүд тохиодог. Үүнтэй холбогдуулан БСШУСын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай улс орчин үеийн шинжлэх ухаантай хөл нийлүүлээд 70 гаруй жил болжээ. Энэ хугацаанд шинжлэх ухааныг хэдэн зуун жил хөгжүүлсэн Европ, хойд Америкийн улсууд-тай харьцуулах түвшинд хүрч чадаагүй ч тодорхой салбаруудад харьцангуй амжилтад хүрсэн. Тухайлбал, мал аж ахуй, мал эмнэлгийн шинжлэх ухаан дэлхийн түвшинд хүртэл хөгжсөн гэж болно. Олон чиглэлээр суурь судалгаанууд хийгдэж, цөөнгүй нэртэй эрдэмтэд төрөн гарсан. Мөн математик, цөмийн физик болон мэдээллийн технологийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нээлт, амжилтууд гаргаж байна. Гэхдээ нөгөө талаас улсаас шинжлэх ухаандаа зарцуулж буй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээгээр бид маш хангалтгүй байгаа. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д ДНБ-ний 1.5 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулна гэсэн байдаг. Гэсэн ч өнөөдөр энэ үзүүлэлт 10 дахин бага байгаа нь дэлхийн дундажаас маш доогуур үзүүлэлт юм. Хөгжингүй орнуудын практикаас харахад шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулдаг. Харин манай улс 65 хувийг цалин, тогтмол зардалд, 35 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс эрдэм шинжилгээний байгууллагуудын лаборато-рийн тоног төхөөрөмж хуучирч, шаардлага хангахгүй түвшинд хүрчээ. Хатуухан хэлэхэд шинжлэх ухааны салбар үлдэгдлийн зарчмаар санхүүжиж, шоовдор байсаар ирлээ. Үүнийг эргэж харах цаг болсон. Мөн энэ салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтын асуудлыг ч эргэж харах хэрэгтэй. Энэ утгаараа бол бид шинжлэх ухааны хөгжлөөрөө яах аргагүй хоцрогдож яваа.

-Та сайдаар томилогдсоноосоо хойш энэ салбарт бодлогын чанартай ямар өөрчлөлтүүд хийсэн бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраар Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Энэ жилийн аравдугаар сард Инновацийн талаар төрөөс баримтлах бодлого батлагд-лаа. Энэ хоёр баримт бичиг бол шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг ойрын 8-10 жилд хөгжүүлэх хөгжлийн зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон чухал баримт бичиг. Энэ хү-рээнд гол ажлуудаа зангидан хийж байна. Нэн тэргүүнд салбарынхаа эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад ний-цүүлэн сайжруулахаас ажлаа эхлүүлсэн.

-Тухайлбал?

-Шинжлэх ухаан технологийн тухай болон Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Инновацийн тухай хууль 2012 онд батлагдсан байдаг. Саяын өөрчлөлтөөр инновацийн асуудлаар төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, давхардлыг арилгалаа. Гарааны компаниудыг дэмжих, тэдний бий болгосон инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, санхүүгийн болон татварын дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой болголоо. Мөн инновацийн дэд бүтцийг байгуулах, дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулах зүйл заалтыг оруулсан. Инновацийн дэд бүтэц гэдэгт эхлээд шинжлэх ухааны парк байгуулах асуудал орж байна. Шинжлэх ухааны паркийг бүс бүрт байгуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаар дэм-жих, паркийн дотоод үйл ажиллагааг эдийн засгийн шууд болон шууд бус аргаар дэмжих харилцаануудыг багтаасан. Хууль батлагдснаар инновацийн үйл ажиллагаанд оролцож буй талууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, шинэ техник, технологийг нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниуд, зохион бүтээгч эрдэмтдэд татвар, санхүүгийн таатай нөхцөл бүрдэнэ. Харин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд тус салбарын өрсөлдөх чадвар, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр бодлогын чанартай өөрчлөлтүүд орсон. Энэ хоёр хууль батлагдан хэрэгжсэнээр зах зээлд өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэнэ. Улмаар эдийн засагт цоо шинэ салбарууд бий болох боломж бүрдэх юм. Мэдээллийн технологи, биотехнологи, электроникийн зэрэг өндөр технологи шингэсэн гарааны компани, аж ахуйн нэгжүүд олноор үүсч бойжих, бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлох, ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой.

-Судалгаанд суурилсан их сургуулийг байгуулснаар ямар давуу тал бий болно гэж үзэж байгаа вэ?

-Одоо үед дэлхий улс ор-нуудын хөгжлийн чиг ханд-лага “Мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийн хөгжлөөр тодорхойлогдох болж нийгмийн хөгжилд нь шинжлэх ухаан технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гол тулгуур механизм нь үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх явдал гэж үзэж байна. Үүнд их дээд сургуулиуд, ялангуяа судалгааны их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна.

-Нийгэм эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоо ямар байгаа бол?

-Нийгэм, эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй бүх асуудлыг шинжлэх ухааны байгууллагууд шийдэж чадаж байна уу гэвэл хараахан үгүй. Ний нуугүй хэлэхэд, тийм бололцоо ч бидэнд байхгүй. Манай шинжлэх ухааны сал-барын чадавх тийм түвшинд хүрч хөгжөөгүй байна. Гэвч хэрэгцээ шаардлага их. Монгол эрдэмтэд, инженерүүдийнхээ бий болгосон судалгааны үр дүн, арга техникээр шийдвэрлэж болох, чадах асуудлууд ч олон байна.

-Энэхүү салбарт ойрын ирээдүйд хийх ажил, тулгамдаж буй асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Нэн тэргүүнд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт зарцуулах Засгийн газрын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийг хөгжүүлэхэд хөрөнгө нөөцийг төвлөрүүлэх, судалгааны лабораторийн орчинг сайжруулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх, гадаад улс орнуудад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдаа өөрийн орны шинжлэх ухааны үйл ажиллагаанд татан оролцуулах, хамтарч ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх зэрэг ажлууд юм. Мөн шинжлэх ухааны салбарын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна. 2019 онд хийгдэх нэг гол ажил бол салбарын статистик, тоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог ЮНЕСКО-гоос гаргасан зөвлөмжийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн бүрдүүлж, бий болгох явдал. Энэ бол шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг цаашдаа зөв авч явах, шинжлэх ухаан болон аж үйлдвэр хамтарч хөгжих сайн хөрс болно.